sonin.mn

Шүүхийн нэр: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх.

Шийдвэрийн дугаар: 2026/ШЗ/6029

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн тоймын огноо: 2026.07.29 №4



Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403000610249 дугаартай хэргийг тус тойргийн шүүх хүлээн авч, улмаар шүүгч М.Очбадрахад хуваарилагдсан байна.

Шүүгч М.Очбадрах нь хэргийг хүлээн авсан даруйд өөрийн зүгээс Баянзүрх дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналтын прокуророор оролцож байсан тул уг эрүүгийн 2403000610249 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “өмнө нь энэ хэрэгт прокуророор оролцсон бол” гэх үндэслэлээр татгалзан гарах хүсэлтийг гаргасан боловч шүүгчээс гаргасан дээрх хүсэлтийг тус тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн эзгүйд томилсон шүүгчийн 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2930 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.


Улмаар яллагдагч болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч нараас шүүхэд хандаж гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийн дагуу 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг товлон зарласан.


Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан эхлэхээс өмнө яллагдагч Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ч.Баднайнямбуу, иргэний хариуцагч “Дашваанжил” ХХК-ийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нараас хуралдаан даргалагч шүүгч М.Очбадрахыг “Баянзүрх дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа прокурорын хувиар хэрэгт оролцохдоо ямар хэмжээний ажиллагаанд оролцсон, ямар шийдвэр гаргасан эсэх нь ач холбогдолтой биш бөгөөд гагцхүү тодорхой ажиллагаанд прокурорын эрх хэмжээг хэрэгжүүлж оролцсон байхад “шийдвэр гаргасан прокурор” гэсэн нэмэлт шалгуур бий болгон 10.1-1.3 дахь заалтыг явцууруулан тайлбарлах нь хуулийн агуулгатай нийцэхгүй байна.


Мөн уг хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хяналтын прокуроруудтай өмнө нь прокурорын газар, нэгжид хамт ажиллаж байсан бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй” гэх агуулга бүхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг бичгээр гаргасан ба бусад хэргийн оролцогчдын өмгөөлөгч нар уг хүсэлтийг дэмжиж саналаа илэрхийлсэн болно.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгч нараас гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тус тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч хянан шийдвэрлэх тул яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Очбадрах