3-р сарын 15–16-нд Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны асуудал хариуцсан төлөөлөгчид Францын Парис хотноо хэлэлцээ хийлээ. Хятадын талаас Төрийн зөвлөлийн Шадар сайд Хэ Лифэн, Америкийн талаас Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар хэлэлцээнд оролцов.
Хоёр тал хоёр улсын төрийн тэргүүнүүдийн тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг удирдлага болгон, тарифын зохицуулалт, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж, өмнө нь тохиролцсон хэлэлцээний нийтлэг ойлголтыг хадгалах зэрэг харилцан сонирхсон эдийн засаг, худалдааны асуудлаар илэн далангүй, гүнзгий, бүтээлч хэлэлцээ өрнүүлж, зарим шинэ нийтлэг ойлголт, тохиролцоонд хүрсэн бөгөөд цаашид ч хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
Хэ Лифэн хэлэхдээ, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн чухал нийтлэг ойлголт стратегийн удирдлага дор, өнгөрсөн онд хийсэн тав удаагийн эдийн засаг, худалдааны хэлэлцээний үр дүнд Хятад, Америк эл салбарт хэд хэдэн чухал ахиц гаргасан нь хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцаа төдийгүй дэлхийн эдийн засагт илүү тодорхой байдал, тогтвортой байдал авчирсан гэжээ.
Тэрээр мөн саяхан Америкийн Дээд шүүх “Олон улсын эдийн засгийн онцгой эрх мэдлийн тухай хууль”-д үндэслэн тогтоосон тарифын арга хэмжээг хууль бус гэж шийдвэрлэснийг дурдлаа. Гэвч үүний дараа Америк 1974 оны Худалдааны тухай хуулийн 122-р зүйлд үндэслэн бүх худалдааны түншүүддээ 10 хувийн импортын нэмэлт татвар ногдуулж, мөн 301-р зүйлийн шалгалт, аж ахуйн нэгжүүдэд хориг арга хэмжээ авах, зах зээлд нэвтрэх хязгаарлалт зэрэг Хятадтай холбоотой сөрөг арга хэмжээг дараалан хэрэгжүүлсэн гэв. Хятадын тал Америкийн ганц талын тарифын арга хэмжээг тууштай эсэргүүцдэг байр сууриа дахин илэрхийлж, ийм төрлийн хязгаарлалтын арга хэмжээг бүрэн цуцлахыг уриалсан байна. Мөн өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээ авах эрхээ хадгалж байгаагаа мэдэгдэв.
Тэрээр Америкийн талыг Хятадтай хамтран ажиллаж, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг бодитоор хэрэгжүүлэн, хамтын ажиллагааны жагсаалтыг өргөжүүлж, асуудлын жагсаалтыг багасгах замаар хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг эрүүл, тогтвортой хөгжих чиглэлд ахиулахыг уриаллаа.
Америкийн тал илэрхийлэхдээ, Хятад–Америкийн эдийн засаг, худалдааны тогтвортой харилцаа нь хоёр улс төдийгүй дэлхий нийтэд чухал ач холбогдолтой бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлт, ханган нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс хоёр тал зөрчилдөөнийг багасгаж, асуудлыг хурцатгахаас зайлсхийж, хэлэлцээний замаар санал зөрөлдөөнөө шийдвэрлэх ёстой гэжээ.
Хоёр тал хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хамтын ажиллагааны механизм байгуулах боломжийг судлах, эдийн засаг, худалдааны хэлэлцээний механизмыг үргэлжлүүлэн ашиглаж, харилцан яриа, холбоогоо бэхжүүлэх, санал зөрөлдөөнөө зөв зохистой удирдах, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг тогтвортой, эерэг чиглэлд хөгжүүлэхээр санал нэгдсэн байна.
Бямба - 03 сарын 21,
2026
Сэтгэгдэл0