Ирээдүйд Монголын загварын чиг хандлагыг тодорхойлох шинэ үеийн төлөөлөл болж буй өсвөрийн загвар зохион бүтээгчид аль хэдийнээ өөрсдийн өнгө төрх, үзэл санаагаа бүтээлээрээ илэрхийлж эхэлжээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Загварын ертөнц” буландаа Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн 12-р ангийн сурагч Э.Анударийг урьж, ярилцлаа.
“Баясгалант хавар” загварын тэмцээний гран-при шагналтан
-Багаасаа хүүхэлдээнийхээ хувцас зэрэг жижиг зүйлсийг өөрөө оёж, янзалж хийх дуртай хүүхэд байсан. Тухайн үедээ загварын чиглэлд сонирхолтой гэдгээ төдийлөн анзаарч байгаагүй. Харин дунд ангид байхдаа “Cosplay” тэмцээнд оролцож, дүрийнхээ бүх хувцас, хэрэгслийг өөрөө хийж оролцож байсан. Тэр тэмцээнээс II байр эзэлсэн нь надад маш их урам өгсөн. Тэр үеэс л өөрийнхөө үнэхээр дуртай зүйл юу болохыг ойлгож, энэ чиглэлээр суралцахаар шийдсэн. Өнгөрсөн жилээс эхлэн хувцасны загвараа илүү мэргэжлийн түвшинд бүтээж эхэлсэн.
Энэ жилийн “Tengri: New Dawn” цуглуулга бол миний хийж байсан бүтээлүүдээс хамгийн их ажиллагаа шаардсан нь. Уг цуглуулгад нь харь гараг болон параллель ертөнцийн тухай төсөөллөөс сэдэвлэсэн бөгөөд түүнийгээ өөрийн дотоод ертөнцтэй холбон, үндэсний хэв маягийг шингээж өгснөөрөө онцлог.
Энэ бол миний хоёр дахь бүрэн хэмжээний коллекц бөгөөд нийт дөрвөн хувцаснаас бүрддэг. Нэг коллекц дээр дунджаар гурван сар гаруй хугацаанд ажилладаг. Сэдвийн хувьд харь гараг, сансар огторгуй, одон орон надад хамгийн их урам зориг өгдөг.
Заримдаа би өөрийгөө яг энэ дэлхийд биш, өөр нэгэн ертөнцөд амьдарч байгаа мэтээр төсөөлдөг. Тэр мэдрэмж, төсөөллөө загваруудаараа илэрхийлэхийг хүсдэг. Тиймээс эдгээр сонирхлоо зөвхөн төсөөллөөр хязгаарлахгүй, судалж мэдсэн зүйлс болон өөрийн дотоод мэдрэмжтэй хослуулан хувцасны загвартаа шингээхийг хичээдэг.
Өөрийгөө “максималист” хэв маягтай загвар зохион бүтээгч гэж тодорхойлно
-Миний бүтээлүүд ихэвчлэн том хэмжээ, сүрлэг хэлбэр, олон давхар деталь, нарийн хийцээрээ ялгардаг. Нэг загвар дээр ажиллахдаа тухайн хувцасны бүтэц, хэлбэр, дүрсийг маш нарийн бодож гаргадаг. Мөн би жижиг деталь бүр дээр их цаг зарцуулдаг. Оёдлын нарийвчлал, материалын сонголт, өнгөний зохицол, чимэглэл бүр нь нэгэн цогц ертөнцийг бүрдүүлэх ёстой гэж боддог.
Найздаа хуримын даашинз урлаж өгмөөр байна
-Авангард урсгалын төлөөлөгчид болох John Galliano, Thierry Mugler, Alexander McQueen, Vivienne Westwood нарын бүтээлүүд надад шинэ санаа, зориг өгдөг.Өмнө нь би олон зүйлийг туршиж үздэг, өөрийгөө яг юу сонирхдогоо тодорхойлоогүй хүүхэд байсан. Харин одоо зорилгоо тодорхой болгосон учраас амьдралын хэв маяг маань ч илүү цэгцэрсэн. Хичээлээ хийх, загвараа бүтээх гэсэн хуваарьтай, чөлөөт цагаараа шинэ санаагаа хөгжүүлдэг болсон.
Хамгийн ойрын мөрөөдлийн нэг бол хамгийн түрүүнд хуримаа хийх найздаа хуримын даашинзыг нь өөрийн гараар урлаж өгөх. Хуримын даашинз гэдэг эмэгтэй хүний амьдралын хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг хэсэг байдаг учраас тэр хувцас төгс байх ёстой гэж боддог.
Найзынхаа зан чанар, хүсэл мөрөөдөл, тэр өдрийнх нь мэдрэмжийг ойлгож, зөвхөн түүнд зориулсан цор ганц загварыг бүтээхийг хүсдэг. 10 жилийн дараах өөрийгөө The Devil Wears Prada киноны Miranda Priestly шиг хүчирхэг, өөрийн ертөнцийг бүтээсэн эмэгтэйгээр төсөөлдөг.
Т.МИЧИДМАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 19,
2026
Сэтгэгдэл0