sonin.mn

МОСКВА, 2026 оны гуравдугаар сарын 13 /РИА Новости/. Америкийн тал Оросын 100 сая баррель газрын тосыг хоригоос чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухай Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн захирал Кирилл Дмитриев мэдэгджээ.




“АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлэхдээ, Оросын нефтийг Энэтхэгийн тал худалдан авахад тавьсан хоригийг зөөлрүүлсэн төдийгүй транзитаар тээвэрлэж буй Оросын 100 сая баррель нефтийг хоригоос чөлөөлсөн гэдгийг мэдэгдлээ” гэж тэрбээр Телеграмм сувгийн хуудсандаа бичсэн байна. Түүний үзэж байгаагаар, эрчим хүчний хямрал даамжирч байгаа учраас /Европын Холбооны зарим албан тушаалтнууд эсэргүүцсээр байгаа хэдий ч/ хоригийг цаашид сулруулах нь гарцаагүй ажээ. Өөрөөр хэлбэл, Оросын эрчим хүчний эх үүсвэргүйгээр дэлхийн зах зээл тогтвортой байх боломжгүй гэдгийг Америкийн эрх баригчид хүлээн зөвшөөрсөн байна.




Баасан гарагт шилжих шөнө АНУ-ын Сангийн яам мэдэгдэхдээ, 3 дугаар сарын 12-ны байдлаар танкер хөлөг онгоцуудад ачигдсан байгаа Оросын нефть ба дайвар бүтээгдэхүүнүүдийг худалдан авахыг зөвшөөрнө гэжээ. Энэ шийдвэр 4 дүгээр сарын 11-ний 08:01 цаг хүртэл хүчинтэй байх юм.





Ойрх Дорнодод дэгдсэн хямрал сөргөлдөөний улмаас Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх нефть, хийн тээвэрлэлт үндсэндээ зогсоод байна. Үүний улмаас Брент маркийн газрын тосны үнэ 2022 оны 6 дугаар сараас хойш анх удаагаа 119 доллароос давж, 29-31 хувиар өслөө. Шингэрүүлсэн шатдаг хийн үнэ хоёрдугаар сарын эцсээс хойш Европын биржүүдэд 100 гаруй хувиар өссөн байна. 


Б.Адъяахүү