БЕРЛИН, 2026 оны гуравдугаар сарын 12 /Kazinform/. Ашиг нь буурч, дэлхийн зах зээлд өрсөлдөөн ширүүсэж буйтай холбогдуулан Volkswagen компани 2030 он гэхэд Германд 50 мянга орчим ажлын байрыг цомхотгохоор төлөвлөж байна.
“Volkswagen Group 2030 он гэхэд Герман дахь салбаруудаасаа нийт 50 мянга орчим ажлын байрыг цомхотгоно” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Оливер Блюм хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалдаа дурдсаныг жилийн тайланд оруулжээ.
Автомашины үйлдвэрлэлээр Европтоо тэргүүлэгч тус компани жилд 15 тэрбум евро хэмнэх зорилго бүхий бүтцийн өөрчлөлтийн хүрээнд голчлон Volkswagen брэндийн үйлдвэрүүдэд 35 мянган ажлын байрыг цомхотгох асуудлаар 2024 оны сүүлчээр үйлдвэрчний эвлэлүүдтэй хэдийн тохиролцоонд хүрээд байсан юм. О.Блюмийн хэлснээр, Audi, Porsche зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүд, программ хангамжийн Cariad охин компанид мөн цомхотгол хийх ажээ.
“Volkswagen” компани Европ дахь эрэлт зогсонги байдалд орсон, цахилгаан автомашины хөрөнгө оруулалттай холбоотой зардал нэмэгдсэн, Хятадын зах зээл дэх борлуулалт буурсан зэрэг хэд хэдэн сорилттой тулгараад байгаа юм.
Өмнө нь Хятадын зах зээлд тэргүүлэгч байсан тус компани сүүлийн үед BYD, Geely зэрэг дотоодын өрсөлдөгчдөд байр сууриа алджээ. Тус компанийн татварын дараах ашиг өнгөрсөн онд 44 орчим хувиар буурч 6.9 тэрбум евро болсон нь 2016 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болсон байна. Дэлхийн худалдааны тодорхойгүй байдал, түүхий эд, эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдлын улмаас Volkswagen компани 2026 онд цэвэр ашгаа 4-5.5 хувийн түвшинд байна гэж таамаглаж байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 12,
2026
Сэтгэгдэл1
Хөгшин европ, колончлон шулагсад bye, bye.