Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 10-нд Парис хотноо болсон Олон улсын цөмийн энергийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ноэл Барротай тусгайлсан уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд Монгол, Францын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын төлөв, хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн явцыг дүгнэж, эрчим хүч, тээвэр, иргэний аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцов.

Мөн Францын хөгжлийн агентлаг (AFD)-ийн Монгол Улс дахь үйл ажиллагааг эхлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх хэлэлцээрийг байгуулах дотоод процедурыг хоёр тал ойрын хугацаанд хангахаар ажиллаж буйг тэмдэглэн, хэлэлцээрийг байгуулснаар хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг улам бүр гүнзгийрүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт санал нэгдэв. Уулзалтаар тогтвортой, хариуцлагатай хөгжлийг дэмжих чиглэлээр тууштай хамтран ажиллахаа нотолж, 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал (COP17), Францын Лион хотноо зохиогдох “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтын асуудлаар мэдээлэл солилцов гэж ГХЯ-наас мэдээллээ.
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл0