ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /DW/. Дайныг зогсоох асуудлаар Орос, Украинтай хийх ээлжит хэлэлцээг хэд хоногоор хойшлуулсныг АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф мэдэгджээ. Тэрбээр мягмар гарагт CNBC сувгаар ярихдаа, Украин, Орос, АНУ-ын гурван талт энхийн хэлэлцээний дараагийн үе шат “ирэх долоо хоногт болж магадгүй” гэсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэлцээ хийх хугацаа өөрчлөгдсөнийг баталжээ. Тэрбээр мөн өдөр Украинд сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, гурван талын уулзалтыг одоогоор ирэх долоо хоногт шилжүүлээд байгаа гэсэн байна.
"Хэлэлцээг гуравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Туркт хийхээр төлөвлөсөн байсан хэдий ч Ойрх Дорнод дахь дайны нөхцөл байдлаас шалтгаалан АНУ-ын санаачилгаар хойшлуулсан" гэж В.Зеленскиий хэлээд Украины төлөөлөгчид Турк руу явахад бэлэн байсан гэдгийг нэмж дурджээ. Талуудын өмнөх хэлэлцээ хоёрдугаар сарын дундуур Женев хотод болсон юм.
В.Зеленский мөн Украины тал Оростой хийх хэлэлцээнд Европыг оролцуулахын тулд боломжтой бүхнийг хийж байгааг онцолжээ. “Европын төлөөлөгчид энэ хэлэлцээнд идэвхтэй оролцох ёстой.
Оросын талаас Европын төлөөлөгчдийг хэлэлцээний ширээнд харах хүсэл гарахгүй гэдгийг бид ойлгож байна. ОХУ үүнийг хүсэхгүй байгаа боловч бид Европыг хэлэлцээнд оролцуулахын тулд бүхнийг хийх ёстой. Яагаад гэвэл Украин бол Европын нэг хэсэг, цаашдаа Европын Холбооны бүрэлдэхүүнд багтах улс” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл3
Түрэмгийлэгч Орос цэргээ татчаач . Бусдын газар нутгийг эзэлсээр байгаад хамгийн том газар нутагтай болчихсон. Улам шунаад л дахиж эзлэх гээд дайн хийнэ.
2 хөгшин төгцөг эзэнт гүрэн болж тоглож байна. Улс улсынх нь Шархаданд аваачвал таарна
Монголд хийвэл нэг дуусаж магадгүй юм ! Тэр болтол энд тэнд очоод хэсээд бай хэсээд бай !