sonin.mn

ИЗНН-ын дэд дарга С.Батбаатар, УИХ-ын гишүүн Р.Батболд тэргүүтэй гишүүд өчигдөр ИЗНН-ын Онц их хурал гэгчийг зохион байгуулж, намын дарга Б.Батбаатарыг намаасаа хасах шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Сайд, ИЗНН-ын дарга Б.Батбаатар мэдээлэл хийв.


Энэ үеэрээ тэрээр: "Би ИЗНН-д 2016 онд элссэн. Сүүлийн хоёр жил намын даргаар ажиллаж байна. ИЗНН-аас хэн нэгнийг өөрсдийн дураар хасах эрх хэнд ч байхгүй. Онц Их хурлаар намын даргыг хөөлөө гэдэг асуудлыг ярьж буй нөхдөд хандаж хэлэхэд намын дүрмээр гишүүнийг хасах, хариуцлага тооцох асуудлыг намын хяналтын байгууллага нь шийдвэрлэдэг.



ИЗНН-д Тэргүүн дэд дарга С.Батбаатар гэж хүн байхгүй. С.Батбаатар надаас БОУАӨЯ-ны хүрээлэн буй орчин үнэлгээ хяналтын газрын даргын албан тушаалыг нэхсэн.



Чи тэнд очиж яах гэж байгаа юм гэхэд “Уул уурхайн дээр байгаа хэдэн компанийг шалгаж эрхийг нь хаагаад хэдэн төгрөг олоод ирье” гэсэн. Хуульч гэж өөрийгөө нэрлэдэг ч Монголын хуульчдын холбооноос “Хуульч биш” гэдэг тодруулга ирсэн. УИХ-ын 2024 оны сонгуулиар М.Нарантуяа-Нара 120 сая 500 мянган төгрөг өгсөн, нөгөө гишүүд нь мөнгө өгөөгүй. Р.Батболд захиалагчийнхаа талд орлоо, одоо захиалагчтайгаа хамт зам мөрөө бодсон нь дээр. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН намынхаа нэрийн өмнөөс улс төр бизнесийн бүлэглэлийн захиалж байгаа хүнийг нэр дэвшүүлэхгүй. Үүнийг хэлж эхэлснээс хойш манай нам дотор ийм асуудал явж эхэлсэн. Энэ ажиллагааг зохион байгуулж байсан хүмүүс надаас албан тушаал нэхэж байсан." гэсэн юм.



М.Чой