ЛОС-АНЖЕЛЕС, 2026 оны гуравдугаар сарын 6 /Reuters/. "Netflix" компани Оскарын шагналт жүжигчин, найруулагч Бен Аффлекийн үүсгэн байгуулсан "InterPositive" компанийг худалдаж авснаа өчигдөр мэдэгдлээ. Тус компани кино хийх хиймэл оюунд суурилсан хэрэгслүүдийг бүтээдэг байна.
Хэлцлийн нөхцөлийг одоогоор нууцалж байна. Медиа салбарынхан контент бүтээх, зохиол бичих явцад хиймэл оюуныг ашиглах санааг идэвхтэй дэмжиж эхэлсэн нь Холливудын өмнөх байр суурь өөрчлөгдсөнийг харуулж байна.
Өмнө нь кино урлагийн салбарынхан шинэ технологи нь ажлын байр болон оюуны өмчийн эрхийг эрсдэлд оруулж болзошгүй хэмээн болгоомжилж байсан юм. Өнгөрсөн оны сүүлчээр "Disney" компани "Star Wars", "Pixar" болон "Marvel" цувралынхаа дүрүүдийг хиймэл оюунд суурилсан дүрс бичлэг үүсгэгч "Sora" программдаа ашиглахыг "OpenAI" компанид зөвшөөрсөн юм. “Технологийн шинэ хэрэгслүүд нь зохиолч, найруулагч, жүжигчин болон зураг авалтын багийнхны ажлыг хязгаарлах эсвэл тэднийг орлох бус харин уран бүтээлчдийн бүтээлч эрх чөлөөг тэлэх ёстой гэж бид үзэж байна" хэмээн "Netflix"-ийн контент хариуцсан захирал Бела Бажариа мэдэгджээ.
"Netflix" компани "Warner Bros Discovery"-гийн студиуд, стриминг үйлчилгээг худалдаж авах өрсөлдөөнөөс татгалзсанаас хойш хийж буй анхны томоохон худалдан авалт энэ болж байна.
"Argo" киногоороо Оскарын шагнал хүртсэн Бен Аффлек "InterPositive" компанийг 2022 онд үүсгэн байгуулжээ. Тэрбээр кино зураг авалтын явцад дутуу зураг нөхөх, гэрэлтүүлгийн алдааг засах зэрэг техникийн асуудлыг шийдвэрлэх чадвартай, дүрсийн логик болон эвлүүлгийн уялдааг ойлгодог хиймэл оюуны загварыг бүтээсэн байна. "Бид уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг хамгаалах зорилгоор тодорхой хязгаарлалтуудыг оруулсан, уран бүтээлчдэд бүтээлч шийдэл гаргах эрхийг үлдээснээр эдгээр хэрэгсэл нь хариуцлагатай ашиглахад зориулагдсан" гэж Б.Аффлек хэлжээ. Тэрбээр "Netflix" компанид ахлах зөвлөхөөр ажиллахаар болсон байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 03 сарын 06,
2026
Сэтгэгдэл0