sonin.mn

ПАРИС, 2026 оны гуравдугаар сарын 2 /Reuters/. Франц улс цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж, Европын холбоотон орнуудынхаа нутаг дэвсгэрт цөмийн тогтоон барих хүчнээ байрлуулахад бэлэн байгааг тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр буюу даваа гарагт мэдэгдлээ. Энэхүү алхам нь Франц болон Европ тивийн аюулгүй байдлын номлолд томоохон өөрчлөлт орж буйг илтгэж байна.


Хэдийгээр Франц, Их Британи улсууд цөмийн зэвсэгтэй гүрнүүд боловч Европын ихэнх орон олон арван жилийн турш АНУ-ын цөмийн хамгаалалтад найдаж ирсэн юм.


Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины дайны асуудлаар баримтлах байр сууриа ОХУ-ынхтай ойртуулж, уламжлалт холбоотнууддаа хатуу байр суурь үзүүлэх болсон нь Европын засгийн газруудыг түгшээх болов. Үүнтэй холбоотойгоор зарим орон Францын "цөмийн шүхэр"-т багтах сонирхлоо илэрхийлж эхэлжээ. Ерөнхийлөгч Э.Макрон Бретань дахь шумбагч онгоцны баазад үг хэлэхдээ "Бид геополитикийн асар их эрсдэлтэй, ороо бусгаа цаг үед амьдарч байна. Иймд манай улс цөмийн тогтоон барих чадавхаа бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарлаа" хэмээн онцлов.


Тэрбээр цөмийн номлолын шинэчлэлийн хүрээнд Герман, Грек, Польш, Нидерланд, Бельги, Дани болон Швед улсуудыг Францын цөмийн тогтоон барих хүчний сургуулилалтад оролцох боломжтойг дурдаад, "Манай холбоотнууд үүнд бэлэн байгаа гэдэгт итгэлтэй байна" гэжээ.


Германы Канцлер Фридрих Мерц, Э.Макрон нарын гаргасан хамтарсан мэдэгдэлд Франц, Герман улсууд цөмийн тогтоон барих хүчний асуудлаарх удирдах хэсгийг байгуулж, энэ жилээс хамтын ажиллагааг бодитоор эхлүүлэхээр болсныг тэмдэглэжээ. Үүний хүрээнд Германы зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Францын цөмийн тогтоон барих хүчний сургуулилалтад оролцох, стратегийн ач холбогдол бүхий газруудад хамтарсан айлчлал хийхээс гадна цөмийн бус зэвсгийг Европын бусад холбоотон орнуудтай хамтран хөгжүүлэх ажээ. 


Францын удирдагч цааш нь хэлэхдээ, тодорхой нөхцөл байдалд стратегийн агаарын хүчээ Европын бусад орнуудад байрлуулах замаар "түрүүлж хамгаалах" шинэ номлолыг хэрэгжүүлэх боломжтойг дурдаад, "Манай стратегийн агаарын хүчин Европын эх газрын гүнд байрлуулж болох юм" хэмээн онцолсон боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


Хэдийгээр Франц улс цөмийн зэвсгийн нөөцийг "шаардлагатай хэмжээнд хязгаарлах" стратеги баримталдаг боловч цөмийн цэнэгт хошууныхаа тоог нэмэгдүүлэх болно гэж Э.Макрон мэдэгджээ. Тус улс цөмийн цэнэгт хошууны тоогоор /290 нэгж/ дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг бөгөөд жилд 5.6 тэрбум еврог (6.04 тэрбум ам.доллар) цөмийн зэвсгээ хадгалахад зарцуулдаг байна. Их Британи 225 нэгж цэнэгт хошуутай бол ОХУ болон АНУ тус бүр 5000 гаруй нэгж хошуутай.



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг