Ерөнхий дарга… Тэр хүний нэр нь тэр. Уул нь албан тушаалынх. Хайрхан дагаж тогтсон дов шиг олон жил улс төрд яваа. Хэзээ ч албан тушаалын тэргүүн зэрэгт гарч байгаагүй ч 2 дахь, 3 дахь зэрэглэлээс бууж бараг үзээгүй. Үе үе муу явдалд холбогдоно. Төрийн хулгайд жижгээс эхлээд том хүртэл холбогддог гэхэд хилсдэхгүй.
Гэвчиг: Тэр ерөнхий дарга улс төрийн 2 дахь, 3 дахь зэрэглэлийнх учраас тэгсгээд өнгөрнө. Ард нийт ч айхтар анзаарахгүй.
Гэлээ гэхнээ: Тэр хүнийг ард нийт уучилчихсан юм биш. Хэсэг дөлж явж байгаад төрд, намд буцаад ирдэг. Эдүгээ тэр ерөнхий дарга. Ерөнхий даргад улс төрийн эрх мэдэл байгаа.
Нэмээд: төрийн эрх мэдэл ч албан бусаар олгогдсон. Тиймийн учраас эдүгээгийн Монголд тэр хүнээс том хүн бараг байхгүй. Тэрийгээ өөрөө мэднэ. Улс төрийн ойр орчныхон байтугай, ард нийт тэрийг нь мэднэ.
Яагаад гэхнээ: эрх мэдлүүдээ чулуу болгон ашиглаж санхүүгийн олборлолтыг тасралтгүй явуулж байгаа. Хамгийн эвгүй нь санхүүгийн далд үйл ажиллагаа нь албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгөдөө дурлан мансуурсан, бусдыг үл тоомсорлосон, хууль бус, зүй зохисгүй үйлдэл болж хувирч байгаа. Тэрийг нь улс төрийн ойр орчныхон байтугай, ард нийтээрээ мэднэ. Харин өөрөө мэдэхгүй.
Уул нь: Монголын төрийн болон улс төрийн журмын нөхдийнх нь итгэн суулгасан албан тушаалыг хувьдаа ашиглах, нөгөө бол өндөр дээд албанд ойр дөтөөрөө гул барьж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, нийтийн ашиг сонирхлын эсрэг өөртөө болон бусдад давуу тал бий болгох, авлига авах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх гэдэг нэр томьёотой, хуулийн эсрэг үйлдэл. Энэний улмаас төрийн албаны зарчмыг алдагдуулахаас авхуулаад эдийн засгийн цэвэр өрсөлдөөн гэж байхгүй болно, нухчин дардаг. Энүүгээрээ нийгмийн аюултай үзэгдэл.
Гэтэл нь: Тэр ерөнхий дарга Монголын эдийн засгийн гол саалийн үнээ болсон төрийн өмчтэй уул уурхайн компаниудад эрх мэдлээ тогтоосон. 90- ээд оноос хойш, 10-аад жилийн өмнөхийг хүртэл явж ирсэн төрийн хэдэн компанийн шахааг тэр ерөнхий даргаас өөр хүн хийхээ больсон. Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой гээд үргэлжилнэ.
Энийг өмнөх адил: Бүгд мэднэ. Гэлээ гэхдээ: Мэддэг ч хэлэхээ, ярихаа, мэдээлэхээ больсон. Хэлээд нэмэргүйг мэддэг шиг байгаа юм. Жанцан нь юу юм гэхээр: Одоохондоо тэр асар хүчтэй байгаа. Монголыг базаж байна. Жинхнээсээ чихгүй толгой болж, жингүйдэж яваа.
Гэвчиг: Хэдхэн сарын дараа, ахилаа гэхэд жил гаруйн дараа тэр газардана. Баттай. Төрийн хуулийг дарлаа гэхэд байгалийн хуулийг давах хэцүү… Эдүгээ Тэр ерөнхий дарга Монголдоо явган байтугай чийчаантай явахаа больсон. Ядардаг болсон байх. Байнга нисдэг.
Хувийн нисдэг баазтай болсон. Энэнд гайхах зүйлгүй. Олон жилийн тэртээ төрд том дарга байхдаа хувийн нисэхийн компанитай холбоотой байсан туршлагатай. Тэрүүгээрээ дамжаад Монголын ганц авиакомпанийн хамааралтай компаниудын барилгыг барина. Иргэнийг хамгаалах газрын тендерүүдийг базна.
Ерөөс: Тендер бол тэр ерөнхий даргын бизнес. Эдүгээ том бизнес рүү орсон захирлууд Эрдэнэс Тавантолгой дээр тендерт орох гээд очоод үзээрэй. Эрдэнэтийн тендерийг сонирхоод аваарай. Алийг нь ч авч чадахгүй та нар.
Тэр компаниуд: Тэр ерөнхий дарга мэднээ л гэнэ. Тэр ерөнхий дарга сүүлийн үест цахилгаан станцын бизнест ханцуй шамлах болсон. Их говийн наахандах Говьсүмбэрт 1 нь эхэлж байна. Вьетнамчуудтай хамтарсан. Вьетнамын хөрөнгө оруулалттай гэх пиартай. Тэр ерөнхий дарга цахилгаан станцын ажлаа гардан хариуцаж байгаа. Газар чөлөөлүүлэх шаардлага үүсэхэд өөрийн биеэр газар дээр нь нисэж очоод зохицуулдаг болсон. Үг дуугүй өгцгөөж байна Говьсүмбэрийнхэн. Үгүй гэвэл загнуулж зандруулаад бас л зөвшөөрч байна.
Тэр ерөнхий даргын Вьетнамтай холбоотой бизнесийг яагаад онцгойлоод байна вэ гэхлээр: Энэ нь нуль но. Энэ халхавчаар саалийн үнээнээс нууж саасан сүүгээ угааж байж болзошгүй. Вьетнамд, Монголд тансаг вилланууд эзэмшиж, тэндээ түншүүдээ цуглуулаад ярих ярихгүйг ярьдаг. Чих тасарч унам яриа нь удахгүй улс төр халуурахтай зэрэгцээд олны хүртээл болох сураг сонстоод эхэлсэн. Тэрийг нь сонсохсон. Юу ярьдаг бол, сонирхол татаж байна. Танд ч басхүү сонирхолтой байна байх…
Ө.Билэг
Баасан - 02 сарын 27,
2026
Сэтгэгдэл4
хэдэн сарын хэдэнд болгочихлоо
Тэр бөх хэний хэн вэ? гэдэг шиг бүх юм мэдэгдэж байгаа нэрлэж болно. Бүгд хулгайчууд юмдаг …
Айгаагүй нэрлээдэх.
нэр нь тэгээд хэн юм бэ дээ?? 37 он биш дээ, нэрийг нь хэллээ гээд буудчихгүй л байх