sonin.mn

ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 27 /ВВС/. Өнөөдөр Хятад руу буцааж буй хоёр панда баавгайг үдэхээр олон мянган япончууд Токиогийн Уэно амьтны хүрээлэнд иржээ. Ням гарагт Сяо Сяо ба Лэй Лэй гэдэг нэртэй ихэр хоёр хулсны баавгайг үзэхээр ирсэн хүмүүс гурван цаг хагасын турш дараалалд зогсож байлаа. Тэдэнтэй “салах ёс гүйцэтгэх” хүмүүст 4 400 тасалбар худалдсан бол нийтдээ 108 мянган хүн цугларчээ.    


Ихрүүд Японд 2021 онд төрсөн боловч Хятадын талаас бэлэглэсэн панданууд төдийгүй тэдний үр удам нь тус улсын өмч байдаг тул өмчөө буцаан авах эрхтэй гэнэ.


БНХАУ 1949 онд байгуулагдсанаасаа хойш сайн санааны бэлгэдэл болгож бусад улсад панда баавгайнуудыг бэлэглэдэг уламжлал тогтсон байна. Тэдгээрийг хүлээн авсан улсууд жил бүр хос баавгай бүрийн төлөө 1 сая доллар төлдөг ажээ. Токио хотын захиргаа ихэр хоёрын оронд өөр пандануудыг илгээхийг хүссэн боловч Хятадын тал боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Пандануудыг онгоцоор Хятадад хүргэж, хөл хорионд байлгасны дараа Сычуан муж дахь пандаг хамгаалах, судлах төвд Сян Сян гэдэг эгч пандатай нь хамт байлгах ажээ. 


Хятад, Япон хоёр улс харилцаагаа хэвийн болгосон 1972 онд эхний панданууд Японд ирж байв. Харин одоо 50 гаруй жилийн дараа япончууд хулсны баавгайгүй болжээ.


Өдгөө хоёр орны харилцаа хурцадмал шинжтэй болсон нь Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн хэлсэн үгтэй холбоотой. Тэрбээр хэлэхдээ, хэрвээ Хятад улс Тайвань руу довтолбол Япон улс хөндлөнгөөс оролцохоос аргагүйд хүрнэ гэсэн агуулгатай үг хэлсэн байна. Харин Хятад улс уг арлыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг үздэг бөгөөд түүний дахин нэгтгэхийн тулд хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй байгаа юм. Тус улс Японд нийлүүлдэг газрын ховор элементүүдийн экспортоо хязгаарлаж, Японоос далайн бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоожээ. Мөн өнгөрсөн сард Японд ирсэн хятад жуулчдын тоо оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин цөөрсөн байна. 



Б.Адъяахүү