АНУ-ын өнөөгийн засгийн газар эрх барьж эхэлснээс хойш нэг жилийн ой тохиож буйтай холбогдуулан CGTN-ээс зохион байгуулсан олон улсын санал асуулгын дүнгээс харахад, дэлхийн олон орны иргэд АНУ-ын дотоод, гадаад бодлогын хэрэгжилтэд ихээхэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Ялангуяа оны эхнээс АНУ-ын зүгээс гаргасан ганц талт, дээрэнгүй алхмууд тус улсын олон улсын нэр хүндийг ихээр унагааж, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна хэмээн хүмүүс үнэлсэн байна.
CGTN нэгдүгээр сарын 17-нд дэлхийн интернэт хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулж, англи, испани, франц, араб, орос хэлний таван платформоор дамжуулан нийтэлжээ. 24 цагийн дотор 16,990 хүн оролцон байр сууриа илэрхийлсэн байна. Судалгаанд оролцогчдын 84 хувь нь АНУ-ын өнөөгийн засгийн газрын үйл ажиллагаанд “ихээхэн сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлжээ. Үүний дотор 86.2 хувь нь “Америк нэн тэргүүнд” хэмээх гадаад бодлогыг буруутгасан бол 89.6 хувь нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-ын олон улсын тавцан дахь үйл ажиллагааг бүтэлгүйтэл гэж үзсэн байна. Мөн 88.8 хувь нь тус улсын дотоодод улс төрийн хоёр намын зөрчил гүнзгийрч, нийгмийн хагарал улам хурцадсан гэж хариулжээ.
АНУ болон оролцогчдын өөрсдийн улс орнуудын харилцааг үнэлэхэд 83.9 хувь нь ирээдүйг гутрангиар харж байгаагаа илэрхийлсэн бол 90.1 хувь нь АНУ болон түүний уламжлалт холбоотнуудын харилцаа муудаж байна гэж үзжээ. Түүнчлэн 91.3 хувь нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-ын олон улсын нэр хүнд илт унасан гэж дүгнэсэн бол 91.1 хувь нь өнөөгийн засгийн газрын цаашдын бодлогод итгэх итгэл бараг байхгүй хэмээн хариулсан байна.
“Сэтгэл дундуур байдал” нь олон улсын хамтын нийгэмлэгийн дунд АНУ-ын засгийн газрыг үнэлэх гол түлхүүр үг болжээ. CGTN дэлхийн 38 улсын 15,688 хүнийг хамруулан явуулсан АНУ-ын улс орны дүр төрхийн талаарх өөр нэг судалгаанд “хариуцлагагүй их гүрэн”, “дэлхийн хамгийн том эмх замбараагүй байдлын эх үүсвэр” гэх ойлголт зонхилсон байна.
2025 оны судалгаанд оролцогчдын 71.4 хувь нь АНУ гадаад бодлогоо боловсруулахдаа бусад улсын ашиг сонирхлыг огт харгалздаггүй гэж үзсэн нь өмнөх оноос 8.5 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн 81.4 хувь нь АНУ гаалийн татварыг ашиглан бусад улсын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцдог хэмээн шүүмжилсэн нь нэг жилийн дотор 5.7 нэгжээр нэмэгджээ.
Шинэ он гарснаас хойш АНУ Венесуэл, Иран, Гринланд зэрэг асуудлаар ганц талт, хүчний шинжтэй алхам хийсэн нь хүчний бодлогыг шүтсэн хэв шинжийг дахин илчилсэн гэж судалгаанд дурджээ. Үүний үр дүнд санал асуулгад оролцогчдын 64.7 хувь нь АНУ-ыг дэлхийн түүхэн дэх хамгийн сөргөлдөөнд дуртай улс гэж үзсэн бол 63.8 хувь нь одоогийн олон улсын дэг журмыг ноцтойгоор эвдэж байна гэж хариулсан байна. Мөн 63.4 хувь нь АНУ-ын бодлого дэлхийн энх тайванд ноцтой заналхийлж байна гэж дүгнэсэн нь өмнөх оныхоос 10.3 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.
Энэхүү судалгааг CGTN Хятадын Ардын Их Сургуультай хамтран, Шинэ үеийн олон улсын харилцаа, мэдээллийн судалгааны хүрээлэнгээр дамжуулан зохион байгуулсан бөгөөд судалгаанд оролцогчид нь хөгжингүй орнууд болон “Дэлхийн өмнөд”-ийн гол улсуудаас сонгогдсон, 18-аас дээш насны энгийн иргэд байв. Судалгааны түүвэр нь тухайн улсын хүн амын нас, хүйсийн бүтэцтэй нийцсэн болно.
Пүрэв - 01 сарын 22,
2026

Сэтгэгдэл0