sonin.mn

Эрчим хүчний салбар нь ОХУ-аас хараат, иргэд “Энэ өвөл ток цахилгаангүй өвөлжихвий” гэсэн айдастай, ТЭЦ-5 гэж огт урагшилдаггүй төсөлтэй энэ үед АТГ Н.Тавинбэх, П.Товуудорж, Б.Насантогтох нарыг саатуулав. 


АТГ-аас “Арван аймагт дулааны станц барих төсөлтэй холбогдуулан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 148.7 сая ам.долларын зээлийн санхүүжилттэй төслийн зөвлөх үйлчилгээнд есөн сая ам.долларын гэрээ байгуулсан байхад Н.Тавинбэх нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллараар нэмсэн байна. 



Энэ хэрэгт холбогдуулан АТГ-аас гурван хүнийг сэжигтнээр баривчилж, 21 газарт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн” гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.



Эрчим хүчний сайд асан, ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх, түүнийг Эрчим хүчний сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан П.Товуудорж, П.Товуудоржийн дүү П.Даваадорж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Нямаа, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох болон тэдний хамсаатнуудыг саатуулан шалгаж буй талаарх АТГ-ын албан ёсны мэдээ ийм.



Н.Тавинбэх Эрчим хүчний сайд байхад буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 27-нд Эрчим хүчний яам БНСУ-ын “Бюксан инженеринг” компанитай 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээг байгуулжээ.



Тухайн үед учир мэдэх солонгосчууд “Бюксан инженеринг” бол дампуурах нь тодорхой болчихсон компани шүү” гэж анхааруулж байсан ч Н.Тавинбэх тэргүүтэй эрх бүхий албан тушаалтнууд дээрх гэрээг хийсэн. 


Түүгээр ч зогсохгүй Н.Тавинбэх Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа зөвлөх П.Товуудоржийн “Грийн энержи интернэшнл ХХК-ийн 10 аймагт төвийн дулааны станц барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацааг сунгаж, төлбөрийг нь 2.6 сая ам.доллараар нэмсэн нь анхаарал татах гол өнцөг. Харин өнөөдөр (2026.01.20) зарим сайтад “Б.Насантогтоход эдийн засгийн давуу байдал олгосон гэх аж ахуйн нэгж нь Баянхөндийн алтны орд дахь баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийг хариуцаж буй “MCS интернэшнл” ХХК юм. 


Б.Насантогтох нь энэ том ордыг түшиглэн байгуулсан баяжуулах үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хангамжийн зөвшөөрлийг ганцхан өдөрт шийдвэрлэж өгсөн. Тэрхүү зүтгэлийнхээ хариуд эхнэрийнхээ компаниар 5.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утсыг тус бүтээн байгуулалтад нийлүүлжээ” гэх мэдээлэл гарчээ. 



Зарим эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Б.Насантогтох Баянхөндий төслийн эрчим хүчний техникийн нөхцөл авах хүсэлтийг өдөрт нь шийдэж өгсөн гэдэг ташаа мэдээлэл. “MCS интернэшнл” ХХК хүсэлт гаргаад 36 хоног хүлээж байж техникийн нөхцөлөө авсан.



Н.Тавинбэх нарын хэргийг далимдуулж, MCS рүү дайрах ээлжит дайралт эхлэв үү гэж харж байна. БНСУ-ын зээлээр 10 аймагт төвийн дулааны станц барих дампуурсан төсөлд MCS ямар ч хамаагүй. MCS жилд 8619 монгол компани, иргэдээс бараа, үйлчилгээ худалдан авдаг. Тэдний нэг нь л Б.Насантогтохын эхнэрийн компани байсан юм билээ. Ган голтой хоолой нийлүүлсэн компани гээд байгаа шүү дээ. Хамгийн хямд үнийн санал өгсөн учраас гэрээ хийсэн байх. Н.Тавинбэхийн хам хэрэгтэн Б.Насантогтохыг MCS-тэй холбох нь захиалгат улс төр” гэх тайлбарыг өглөө.



Ж.Болд