2025 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 140 их наяд 187.9 тэрбум юаньд хүрч, тогтмол үнээр тооцоход 2024 оныхоос 5 хувиар өссөн нь дэлхийн эдийн засаг удаашралтай хэвээр буй энэ үед эерэг дохио өглөө. Эдийн засгийн уян хатан байдал нь итгэлийг бэхжүүлж, бүтцийн өөрчлөлт нь шинэ боломжуудыг нээж байгааг Хятадын эдийн засгийн “2025 оны тайлан” харуулж байна.
CGTN-ий дэлхийн интернет хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгаар оролцогчдын 82.6 хувь нь эдийн засгаа өндөр чанартай хөгжүүлэх Хятадын үзэл баримтлал дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлж байна гэж үзжээ.
Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд, даяаршил саарсан, ивээх бодлого сэргэж буй нөхцөлд Хятадын бараа бүтээгдэхүүний гадаад худалдааны нийт хэмжээ 45 их наяд юанийг давж, есөн жил дараалан өсөлтөө хадгалсан байна. Судалгаанд оролцогчдын 86.6 хувь нь Хятадын асар том зах зээл үргэлжлэн тэлж, бусад оронд илүү олон хөгжлийн боломж олгож байна гэж үзжээ. Мөн 83.6 хувь нь “Арван тавдугаар таван жилийн төлөвлөгөө”-нд тусгасан өндөр түвшний нээлттэй бодлого нь Хятад улс эдийн засгийн даяаршлыг тууштай дэмжигч, олон талт тогтолцооны бат хамгаалагч хэвээр байгааг дахин нотолж байна гэж үзсэн байна.
Саяхан Дэлхийн эдийн засгийн форумоос нийтэлсэн “2026 оны дэлхийн эрсдэлийн тайлан”-д геополитик, эдийн засгийн эрсдэл улам нэмэгдэж байгааг анхааруулжээ. Үүнтэй уялдуулан санал асуулгад оролцогчдын 89.3 хувь нь “гео-эдийн засгийн сөргөлдөөн” болон “зэвсэгт мөргөлдөөн”-ийг дэлхийн эдийн засагт тулгарч буй хамгийн том тодорхой бус байдал, сорилт гэж үнэлсэн байна.
Хятадын эдийн засгийн энэхүү амжилт нь дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал нэмэгдэж, олон улсын өсөлт саарч, АНУ дэлхий даяар худалдааны маргаан өрнүүлж буй нөхцөлд хэрэгжсэнээрээ онцлог юм. Судалгаанд оролцогчдын 85.2 хувь нь ганц талт болон ивээх бодлого дэлхийн эдийн засгийн бүтцийн асуудлыг шийдэж чадахгүй, харин ч сэргэлтийн суурийг сулруулна гэж үзжээ. 93.2 хувь нь АНУ гаалийн татварыг “зэвсэг” болгон ашиглаж буй нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд заналхийлж буй хамгийн том эрсдэл хэмээн шүүмжилсэн бол 85.9 хувь нь “Америк нэн тэргүүнд” зарчмын дор хэрэгжиж буй ганц талт үйлдлүүд эдийн засгийн даяаршлыг ноцтойгоор доргиож байна гэжээ.
Дэлхийн эдийн засгийн форумын 2026 оны чуулган “Яриа хэлэлцээний үзэл баримтлал” уриаг дэвшүүлж, даяаршлын ухралтын үед харилцан яриа хэлэлцээ, зөвшилцлөөр бүтцийн асуудлыг шийдэхийг уриалсан юм. Судалгаанд оролцогчдын 83.4 хувь нь худалдааг ивээх, даяаршлын эсрэг сорилтуудын өмнө улс орнууд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой гэж үзсэн бол 96.3 хувь нь худалдааг төрөлжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар дэлхийн эдийн засгийг тогтворжуулахыг уриалжээ.
Энэхүү санал асуулгыг CGTN англи, испани, франц, араб, орос хэлээр нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор 10044 хүн оролцон санал бодлоо илэрхийлжээ.
Пүрэв - 01 сарын 22,
2026

Сэтгэгдэл0