sonin.mn

Нэгдүгээр сарын 16-нд Боагийн Азийн чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Жүнь чуулга уулзалтын 2026 оны ээлжит хурал гуравдугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд БНХАУ-ын Хайнань мужид зохион байгуулагдана гэж зарлалаа. Энэ удаагийн хурлын сэдэв нь “Хамтын ирээдүйг цогцлоох нь: Шинэ нөхцөл байдал, шинэ боломж, шинэ хамтын ажиллагаа” байх аж.


Чуулганы үеэр өндөр түвшний яриа хэлэлцээ, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж, "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын үүрэг оролцоо, дэлхийн худалдааны шинэ бүтэц, уур амьсгалын засаглал, эдийн засгийн аюулгүй байдал зэрэг чухал сэдвээр санал солилцоно. Мөн Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр буюу RCEP, Ази, Номхон далайн хамтын ажиллагаа, хил дамнасан төлбөр тооцооны тогтолцоонд анхаарч, бүс нутгийн интеграцчлалыг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.


Түүнчлэн тоон ухаалаг үйлдвэрлэл, ногоон шилжилт, ESG хөгжлийн чиглэлээр тусгай хэлэлцүүлэг өрнүүлж, Хятад улсын “15 дүгээр таван жил”-ийн төлөвлөгөө болон Хайнаний чөлөөт худалдааны боомтын бодлоготой уялдуулан Хятадын эдийн засгийн ирээдүйн төлөвийг шинжлэх юм. Энэ нь оролцогч талуудад Хятадад хөрөнгө оруулах шинэ боломжийг танин мэдэх чухал индэр болно гэж зохион байгуулагчид онцоллоо.



Г.Бямба