Узбекистаны Гадаад харилцааны сайд Бахтиёр, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И нэгдүгээр сарын 16-ны өдөр утсаар ярьжээ.
Ван И хоёр орны төрийн тэргүүнүүдийн стратегийн удирдамж нь Хятад, Узбекистаны шинэ эрин үеийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хамгийн чухал улс төрийн баталгаа болж байна гэдгийг онцлов. Тэрээр өнгөрсөн жил хоёр улсын харилцааны хувьд шинэ ололт амжилт арвин жил болж, эдийн засаг, худалдаа, соёл, орон нутгууд зэрэг олон салбарт хамтын ажиллагаа өргөжин, тогтвортой эрчимжсэн гэдгийг тэмдэглэлээ.
Ван И мөн хэлэхдээ, 2026 он эхлэхтэй зэрэгцэн олон улсын нөхцөл байдал улам тогтворгүй болж, дайн мөргөлдөөний сүүдэр нэмэгдэж, ганц талт дээрэнгүй үйлдэл газар сайгүй ажиглагдаж байна. Ийм нөхцөлд Хятад, Узбекистан стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, өөр өөрийн хөгжлийн зорилтоо тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ бие биеийнхээ үндсэн ашиг сонирхлыг дэмжих, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэв. Мөн олон улсын болон бүс нутгийн асуудлаар нягт уялдаж, хүчтэй нь дорой буурайгаа дарангуйлдаг “ширэнгэн ойн хууль”-ийг эсэргүүцэж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамгаалан, НҮБ-ын тэргүүлэх үүргийг дэмжиж, олон улсын шударга ёс, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах ёстой. Энэ жил Хятад, Узбекистан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож буй тул талууд ирэх арван жилийн хамтын ажиллагааны чиглэлийг хамтран тодорхойлох ёстой гэлээ.
Саидов ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн оны есдүгээр сард БНХАУ-д амжилттай айлчилсан нь хоёр улсын харилцаанд хүчтэй түлхэц өгсөн гэж үнэлэв. Тэрээр Хятадтай харилцаагаа хөгжүүлэх нь Узбекистаны гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд хоёр талын өндөр итгэлцэлтэй харилцаа нь түр зуурын үйл явдлаас үл хамааран тогтвортой хөгжиж байгааг онцлов. Узбекистан тал “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримталж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан аливаа үйлдлийг эрс эсэргүүцдэгээ дахин илэрхийллээ. Мөн хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хүрсэн чухал зөвшилцлийг бодит ажил хэрэг болгох, дээд түвшний харилцааг идэвхжүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар Узбекистан, Хятадын шинэ эрин үеийн бүх цаг үеийн иж бүрэн стратегийн түншлэлийг цаашид улам бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Узбекистаны тал Хятадтай хамт олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, олон талт үзэл, олон улсын хууль болон олон улсын харилцааны үндсэн зарчмыг хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Г.Бямба
Даваа - 01 сарын 19,
2026

Сэтгэгдэл0