sonin.mn

Нэгдүгээр сарын 8-ны өдөр Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед нийслэл Аддис-Абеба хотноо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И-г хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр Абий Ахмед Ван И-ээр дамжуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян нарт шинэ жилийн мэндчилгээ, чин сэтгэлийн мэндийг уламжлахыг хүсээд, Этиоп улс Хятадыг итгэлт дотно ахан дүүс, стратегийн түнш хэмээн үздэг, хоёр улс урт хугацаанд харилцан дэмжиж ирсэн бөгөөд хоёр талын харилцаа эрчимтэй хөгжиж байгааг онцоллоо. Тэрээр Хятад улс Этиопын эдийн засаг, нийгмийн хөгжилд удаан хугацаанд тогтвортой дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, Хятад–Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэхэд Хятадын талын оруулж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлэв.


Абий Ахмед Этиоп улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, дээд түвшний харилцаа, солилцоог ойр дотно байлгах, дэд бүтэц, шинэ эрчим хүч, хиймэл оюун ухаан, далайн салбар зэрэг олон чиглэлд ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн бүс нутгийн болон олон улсын асуудлаарх харилцан дэмжлэгийг бэхжүүлэх замаар хоёр улсын харилцааг тасралтгүй урагшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Ван И БНХАУ-ын удирдагчдын халуун дотно мэндийг Абий Ахмедад уламжлаад, түүнийг Хятадын ард түмний олон жилийн анд хэмээн үнэлж, түүний удирдлага дор Этиопын ард түмэн эв санааны нэгдлээр улс орныхоо бүтээн байгуулалтыг эрчимтэй урагшлуулж буйг өндрөөр үнэлэв.


Тэрээр Аддис-Абеба хот богино хугацаанд эрчимтэй өөрчлөгдөж байгаад Хятадын тал баяр хүргэж буйг илэрхийллээ. Ван И цааш нь хоёр орны удирдагчдын хүрсэн чухал зөвшилцлийг бодит ажил хэрэг болгох, харилцан дэмжлэгээ тууштай үргэлжлүүлэх, хөгжлийн стратегиа уялдуулах, төр улсыг засаглах туршлага солилцох замаар Хятад–Этиопын бүх цаг үеийн стратегийн түншлэлийг шинэ түвшинд гаргахаар хамтран ажиллахад Хятадын тал бэлэн гэдгийг онцлов.


Тэрээр мөн Этиоп улс Хятад–Африкийн хамтын ажиллагаанд манлайлан оролцож ирснийг онцлоод, Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг бүрэн хэрэгжүүлж, Африкийн бүх дипломат харилцаатай орнуудад олгож буй тэг тарифын бодлогын давуу талыг бүрэн ашиглан, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дэд бүтэц, ногоон үйлдвэрлэл, дижитал эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, “бүс ба Зам” санаачилгын чанартай хэрэгжилтийг Африк тивд ахиулахыг уриаллаа. Мөн Этиоп улс Хятадын аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд, Этиопыг Африкийн чухал улс орны хувьд бүс нутгийн болон олон улсын асуудалд илүү идэвхтэй, чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж буйгаа тэмдэглэв.


Ван И Хятад улс “Африкийн эвэр”-ийн энх тайван, хөгжлийн санаачилга”-ын хэрэгжилтыг цаашид ч дэмжиж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, харилцан ашигтай хамтын ажиллагаанд бүтээлч хувь нэмэр оруулахад бэлэн гэдгээ илэрхийллээ.


Мөн энэ өдөр Ван И Этиопын Гадаад харилцааны сайд Гедион Тимотэостой албан ёсны хэлэлцээ хийлээ.