ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 8 /Kazinform/. АНУ-д эрэлт ихсэж, нийлүүлэлт хязгаарлагдмал байгаатай холбоотойгоор Meta компани Ray-Ban Display ухаалаг нүдний шилээ олон улсын зах зээлд гаргахаа түр хугацаагаар хойшлуулснаа мэдэгдлээ. Өмнөх загварууд нь амжилттай борлуулагдсаны дараа тус компани 2026 оны эхээр Их Британи, Франц, Итали болон Канад улсад уг төхөөрөмжийг худалдаж эхлэхээр төлөвлөж байсан юм. Гэвч одоогоор тус компани АНУ-ын хэрэглэгчдийн захиалгыг биелүүлэхэд анхаарч, олон улсын зах зээлд нийлүүлэх шийдвэрээ дахин хянахаар болжээ.
Meta компани Ray-Ban Display-ийг “ийм загварын хувьд анхдагч бүтээгдэхүүн” хэмээн тодорхойлж, уг төхөөрөмжийн захиалгын жагсаалт уртсаж байгааг онцолжээ.
Энэхүү нүдний шил нь зураг авах, контент дамжуулах, мөн хиймэл оюунд суурилсан туслахтай харилцах боломжийг олгодог. IDC EMEA-гийн мэдээлснээр, худалдаанд гаргасан эхний улиралд Meta нийт 15 мянган ширхэг Ray-Ban Display борлуулж, ухаалаг нүдний шилний зах зээлийн 6 хувийг эзэлсэн байна. Лас-Вегаст жил бүр зохион байгуулагддаг хэрэглээний электроникийн үзэсгэлэнгийн үеэр Meta компани нүдний шил болон Meta Neural Band бугуйвчныхаа шинэ функцуудыг танилцуулжээ. Тэдгээрийн нэг нь бугуйвчийн тусламжтайгаар тэмдэглэл унших, текст гүйлгэн харах боломжтой функц юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 01 сарын 09,
2026

Сэтгэгдэл0