Хүний амьдрал гэдэг хөг эгшиг, баяр гуниг хосолсон баялаг сайхан цаг xугацааны xүрд билээ. Эргэлдэх энэхүү их хүрдэн дунд зүгээр л орших бус, оршихуйгаа дүүргэж нэр, төртэй, олондоо хүндлэгдэн, утга төгөлдөр амьдарч буй Г.Цэгмидийг бид энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа онцолж байна. Тэрээр Говьсүмбэр аймгийн харьяат кино механикч, алдарт уяач эрхэм хүмүүн юм.
Аавын голомтод аз жаргал дагуулан мэндэллээ
1953 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Наран сумын дөрөвдүгээр баг “Бөглөөгийн бууц” гэх газар С.Гэндэнгийнх хүүтэй болж, хүч нэмлээ. Аав, ээжийнхээ уй гунигийг арилгахаар төрсөн энэ хүү бол бидний нийтлэлийн баатар Г.Цэгмид билээ.
Тэрээр найман хүүхэдтэй айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн нь энэ юм. Энэ тухайгаа Г.Цэгмид “1950 онд цагаан сараас өмнөхөн эмэг эх минь өөд болж, залгуулаад 1952 оны хавар ээжийн минь дүү өвчний улмаас нас барж, манайханд уй гашуу нөмөрсөн хүндхэн жилүүд өнгөрч байхад нь би төрсөн гэдэг.
Ээжийн минь өөд болсон дүүгийн өрөөсөн чихнийх нь гэдэс төрөлхийн сэтэрхий байсан бөгөөд ээмэг зүүгээд халхалчихдаг хүн байж л дээ. Ээж минь намайг тээж байхад бурхан болсон дүү нь сайхан ташуур бэлэглэж байгаагаар зүүдлэгдэж байсан гэдэг. Амьд ахуйдаа ч дараа төрөлдөө “эрэгтэй хүн болж төрнө” гэж хэлдэг байжээ. Ингээд намайг төрөнгүүт буурал аав минь миний чихийг хараад “Өнөөх охин минь эргээд иржээ” хэмээн уулга алдсан гэдэг. Ингэж манайхны амсаад байсан уй гашуу багахан ч болов нимгэрсэн гэж ээж минь ярьдаг байсан” хэмээн аавын голомтод аз жаргал дагуулж ирсэн тухайгаа ярьсан юм.
Хүүхэд насны дурсамж гэдэг дандаа гэгээн байдаг. Г.Цэгмидийн хүүхэд нас ч бусдын адил эцэг эхийн гар дээр өнгөрч, бага насаа балчир гэж гололгүй хурга ишиг хариулах, зун намартаа тариа тарихад туслах, өглөө чөдөртэй морь дөхүүлэх зэргээр өөрт таарсан ажлаа хийдэг байжээ.
Гэхдээ түүний дурсамжид айл хэсэж тоглож наадан, амттанд хорхойсож байсан дурсамжууд тод үлдсэн тухайгаа ярьж байв. С.Гэндэнгийнх байгаа зүйлсээ үр хүүхэд, ах дүүс, нутаг усныхандаа өгөөмөр сэтгэлээр өгч чаддаг, орсон гарсанд, унд устай айл байжээ. Тийм ч учраас жилийн дөрвөн улиралд хол ойрын айлчин гийчин тасардаггүй, явуулын хүн зорин ирж, дайлуулж цайлуулан хоноглодог хөл ихтэй, айл байсан аж. Үүнийг гэргий С.Мөнхийн хүүхдүүдийнхээ унадаг хулгар бор морийг “Ядарсан хүнд туслалгүй яахав” гээд морь нь эцсэн тууврын хүнд өгөөд явуулчхаж байснаас харж болох юм.
Говь-Алтайгаас Ар хуст, Архустаас Говьсүмбэр рүү илгээгдэв
1962 онд Г.Цэгмидийг нэгдүгээр ангиа төгссөн зун С.Гэндэнгийнх илгээлт авч Төв аймгийн Архустын Сангийн аж ахуй руу нүүжээ. ГАЗ-51 машинд гэрээ ачаалж, хангайн зам гэгчээр 7-8 хоног явж Улаанбаатарт очжээ.
Тэдэнд каракуль хонь маллах үүрэг ногдож, харин Г.Цэгмид хоёрдугаар ангид элсжээ. Энэ тухайгаа “Архангайн Цагаан даваагаар давах үед анх удаа өтгөн ой үзсэн. Энэ нь их сонин санагдаж байсан.
Улаанбаатараар дайраад Архустад очиход Сангийн аж ахуйгаас хоёр унах морь, хоёр тугалтай үнээ өгч, манайх каракуль хонь маллах болсон юм. “Каракуль хонь” гэж товир биетэй, идэмхий, амьдрах чадвараар тааруу, хар, хөх ягаан, улаан хүрэн гэх мэт янз бүрийн зүстэй хонь байсан. Харин би очсон даруйдаа Архустын бага сургуулийн хоёр дугаар ангид элслээ. Тухайн үед сурагчдыг дунд ангиас нь нийгмийн ажилд туслуулж, ажил хөдөлмөрийн дөр суулгадаг байв. Би ямаа самнах, түймэрт дайчлагдах, хадланд гарах зэрэг хуваарийн дагуу төрөл бүрийн ажил хийж өссөн. Энэ нь хожмоо амьдралд минь хэрэг болсон гэж боддог” гэсэн юм. Г.Цэгмид багын л адуунд дуртай хүү байсан гэдэг. Харин Архустад нүүж очсоноор адуунд улам дуртай бас эрэмгий болгож, эрдэмд суралцахад нөлөөлжээ. Энэ талаараа "Хар багын л адуунд дуртай надад Архустад ирснээр олон зүйлийг сурах аз завшаан таарсан.
Адуу эдлэх өндөр соёлтой энэ нутгийн уяачдын морины ажилд нь тусална. Бага сага наадмуудад уралдах зэрэг нь их л таатай байсан юм. Анх “Шар” Баасанхүүгийн хээр, “Шар” Төмөрбаатарын шар хээр морь, “Хагархай” Лувсанбатаа гэж хүний алаг үрээ зэрэг морьдыг унадаг байлаа.
1966 онд аюулт үер болоогүй бол “Шар” Төмөрбаатар гуайг дагаад улсын наадам уралдах байсан даа гэж харуусаж боддог юм” гэв. 1968 онд Монгол Улсын нам, төрийн шийдвэрээр каракуль хонинд таарах бэлчээр усны зохицлыг тооцож, Төв аймгийн Архустын сангийн аж ахуй, Сэлэнгэ аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйг Дорноговь аймгийн Сүмбэр суманд нэгтгэн зохион байгуулах болж С.Гэндэнгийнх тийшээ нүүжээ. Тэр үед Г.Цэгмид наймдугаар ангиа төгсөж Төв аймгийн Усны аж ахуйн техникумд суралцаж байгаад дундаас нь өөрийн хүсэлтээр сургуулиасаа гарч, аав ээждээ тусалж мал маллаж байгаад 1971 онд Улаанбаатар хотод ХААДС-д Үхрийн зохиомол хээлтүүлгийн техникчийн зургаан сарын курс төгссөн байна. Ингээд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд очиж жил бүр 3000-5000 хонинд зохиомол хээлтүүлэг хийж, хээлтүүлсэн хонь нь 85- 90 хувьтай төллөж, Сангийн аж ахуйнхаа хоёр удаагийн аварга техникчээр шалгарч байсан нь түүнийг эзэмшсэн мэргэжилдээ хэр зэрэг байсныг илтгэнэ.
14 жил ажиллахдаа 12 жилд нь эхний гурван байрт орж байлаа

Г.Цэгмид 1973 оны тавдугаар сард цэрэгт мордож Улсыг агаараас хамгаалах Хятадын хил дагуух найман Ротын нэг болох Баянхонгор аймгийн Баянлиг суманд байрлах 065 дугаар ангийн 103-р тусгай салбарт хуваарилагдсан байна. Ротын 70 гаруй цэргээс кино механикчийн орон тоонд сонгогдож, 1976 оны зун армиас киномеханикч мэргэжилтэй халагдав.
Гурван жил хаасан хугацаат цэргийн албанаасаа ирээд киноны төлөвлөгөө тасарсан байсан Дорноговь аймгийн Сүмбэр суманд хуваарилагдан 1990 оныг хүртэл тус суманд кино механикчаар ажиллав.
Хүн амын өсөлттэй уялдан жил бүр төлөвлөгөө өсөж байсан боловч үндсэн төлөвлөгөөг жил бүр давуулан биелүүлж байлаа. Энэ тухайгаа тэрээр “Тухайн үед Дорноговь аймгийн хэмжээнд нэг суманд нэг нүүдлийн киноны цэг байдаг байсан. Айраг суманд хоёр цэг, Геологийн нэг нүүдлийн цэг ажилладаг байлаа. Ажлын үр дүнгээр 5, 6, 7, 8 дугаар “Таван жилийн гавшгайч” болж байсан. Наймдугаар таван жилийн төлөвлөгөөнд жилдээ 2373 удаагийн гаргалтаар 150 мянган хүнд кино үзүүлэхээр төлөвлөсөн байсан. Харин 190 мянган хүнд үзүүлж, малчдад 1110 удаа кино гаргахаас 1500 удаа гаргаж төлөвлөгөөг 128 хувиар давуулан биелүүлж байлаа.
Төлөвлөгөөгөөрөө аймагтаа гурван удаа аваргалж, долоон удаа дэд байранд, хоёр удаа гуравдугаар байранд орж байсан” гэсэн юм. Тэрээр нийт 14 жил ажиллахдаа 12 удаад нь эхний гурван байранд орж байсан эрхэм гавьяатай нэгэн юм.
1990 оноос зах зээлийн нийгэмд шилжин 1990-1992 онд хоёрдугаар фермд тоо бүртгэгч, 1992- 2003 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум /энэ үед засаг захиргааны нэгжийн хуваарьт өөрчлөлт орж Дорноговь аймгийн Сүмбэр сум нь Чойр хот, Говьсүмбэр аймаг болж өөрчлөгдсөн/-ын дөрөв болон тавдугаар багийн Засаг даргаар гурван удаа улиран сонгогдон ажиллаж байжээ. 2003 оноос биеийн эрүүл мэндийн улмаас группт орж, 2013 онд өндөр насны тэтгэвэрт гарсан байна. Түүний ажил, хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Монголын Урлагийн ажилтнуудын арваннэгдүгээр Их хуралд төлөөлөгчөөр оролцуулж байжээ. Мөн 1982, 1984 онд аймгийн Соёлын хэлтсийн аварга, 1986, 1987 онуудад Дорноговь аймгийн Хөдөлмөрийн аварга, 1988 онд соёлын салбарын Хөдөлмөрийн аваргаар тус тус шалгарсан бөгөөд 2013 онд Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” тэмдгээр, 2014 онд төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, 2025 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан байна.
Т.Отгонсүрэнтэй гэр бүл болж, гал голомтоо бадраажээ

Т.Отгонсүрэнтэй гэр бүлж хоёр охин, нэг хүүтэй болж өдгөө тэд хүргэн, бэр ач, зээтэйгээ 13-уулаа болжээ.

1978 оны намар хоёдугаар фермд тоо бүртгэгч хийж байсан Дорноговь аймгийн Сүмбэр сум / одоогийн Говьсүмбэр аймгийн төв/-ын уугуул Т.Отгонсүрэнтэй танилцаж, 1979 оны наймдугаар сарын 25-нд Төгрөгийн хонхорт хуримаа хийж, гал голомтоо бадраажээ. 1979 онд ууган охин Баасандэлгэр, 1981 онд удаах охин Батдэлгэр, 1986 онд хүү Батхуяг мэндэлсэн юм. Энэ тухайгаа Г.Цэгмид “Жаргал зовлон ээлжилдэг хорвоогийн жам миний гэр бүлийг ч тойрсонгүй. 1982 онд хүү, 1984 онд охинтой болсон ч бага нялхдаа эндэж, бид тэрхүү уй гашууг аав ээж, ах дүүсийнхээ хүчинд давж туулсан юм. Тэр үед аав ээж хоёр минь “Нэгэнт ийм болсон ч гэсэн залуу хүмүүс ахиад л хүүхэдтэй болно. Амьдрал гэдэг алалдах дайснаас ч амаргүй, амьдарна гэдэг тэмцэхийн нэр” хэмээн хэлж, хатуужуулж билээ” гэсэн юм.
Цэгмидийн эхнэр Тавхайн Отгонсүрэн нь 1956 оны наймдугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сүмбэр сум/одоогийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум/-ын нутаг “Зүүн Өвөр” гэдэг газарт төрсөн. Тэрээр таван настайдаа ааваасаа өнчирсөн ч түүний ээж нь хүүхдүүдээ хүний зэрэгтэй өсгөж хүмүүжүүлжээ.
Т.Отгонсүрэн 1971 онд долдугаар ангиа төгсөөд “Илгээлтээр” малчин болж ээждээ тус нэмэр болохын хажуугаар илгээлтээр гарсан үе тэнгийнхний хамт хаана хүн хүч хэрэгтэй байна тэнд очиж ажлыг нугалж байв. Энэ үед Дорноговь аймгийн Сүмбэр сумын Үйлдвэрчний Хорооны дарга Жамьян сургуульд явж мэргэжилтэй болохыг зөвлөж, ээж нь ч дэмжжээ. Ингээд шуудангийн унаанд суун, Дорнод аймгийн ХАА-н техникумыг 1975-1978 онд дунд мэргэжлийн малзүйч мэргэжлээр суралцаж төгссөн юм. Буцаж ирээд 1978-1980 онуудад Дорноговь аймгийн Сүмбэрийн Сангийн аж ахуйн/САА/ хоёрдугаар фермд малзүйч, 1980-1998 онуудад үржлийн тоо бүртгэгчээр “Гавъяат малзүйч” Ц.Тэрбишийн удирдлага дор 18 жил ажиллахдаа жил бүрийн намар зохиомол хээлтүүлгийн нэг пункт хариуцан 3000- 5000 хонинд хээлтүүлэг хийж 90 хувь хүртэл төллүүлж, хавар мал төлөлтийн үед 40.000- 50.000 хурганд ангилалт хийж 20.000- 30.000 арьс бэлтгэн аж ахуйнхаа мал аж ахуйн үйлдвэрлэлд зохих хувь нэмэр оруулж ажилласан юм.
Зах зээлийн нийгэмд шилжиж Мал эмнэлгийн үржлийн албаны үйл ажиллагаа хумигдсанаар цомхотголд орж, хувийн байгууллагад ажиллан, хувиараа аж ахуй эрхэлсээр 1999-2011 онуудад “Монгол шуудан” компанид шууданч, “Монгол Шуудан” банканд нярав гэх зэрэг ажлуудыг хийсээр тэтгэвэрт гарсан.
Төр, улсад ажилласан ажлын үр дүнг үнэлэн Говьсүмбэр аймгийн “Хөдөлмөрийн аварга”, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Ажил хөдөлмөрийн аварга”, “Байгууллагын аварга”, 2015 онд “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”, 2017 онд төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнагдсан юм. Өөрийгөө хэрхэн амьдарснаа мэдмээр байвал үр хүүхдээ хар гэдэг үг байдаг. Тэгвэл Г.Цэгмид гурван хүүхдээ хүмүүжилтэй, боловсролтой, хүнлэг хүмүүс болгон өсгөжээ. Тэд өдгөө өөр өөрсдийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна. Том охин Баасандэлгэр нь МУИС-ын Хууль зүйн сургууль төгсөж, АТГ-т ажиллаж байгаа бол удаах охин Батдэлгэр нь МУБИС-ийн Япон хэлний ангийг төгсөж, Япон улсад ажиллаж, амьдарч байна. Харин голомт залгах хүү Батхуяг нь МУИС-ийн электроникийн ангийг төгсөж, Шинэ Монгол Коосэнд багшаар ажиллаж байна.
Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж “Аймгийн алдарт уяач” болов
Хүн дур сонирхолтой ажилдаа ядарна гэж байдаггүй юм билээ. Би үүр цайхаас өмнө Чойрын төвөөс гарч, аавындаа ирээд уяа морьдынхоо ажлыг хийчхээд буцаад Чойр руу ороход албан байгууллагын ажлын цаг эхлээгүй л байдаг сан хэмээн дурсан ярих нь үнэхээр түүнийг моринд дуртай байсныг илтгэнэ. Тэрээр эрдэмд шамдан, цэрэгт мордож, өөрт оногдсон ажлаа амжилттай хийж байсан ч түүний зүрх сэтгэлд морь уях юм сан гэх нууцхан хүсэл байсаар л байжээ.
1971 онд Г.Цэгмидийнх “16-р зөрлөг” орчмоор нутаглаж байхад нутгийн өвгөн аавтай нь наймаа хийж түүнээс хойш ах дүү болж, улмаар түүнд сайн угшилтай адуу өгсөн нь тэднийхийг адуужихад нөлөөлжээ.
Энэ тухайгаа “Даланжаргалан сумын “Туяа” нэгдэлд өөрийн 800 гаруй адуугаа нийгэмчилж, адгуулж явсан адуучин Нинжваанчиг гэж хар өвгөн манайд ирээд аавтай шар хээр, шарга халзан морины наймаа хийж, тэрнээс хойш хуурай ах дүүс болж, манайхныг адуужихад их тус болсон доо. Нинжваанчиг ах бага залуугаасаа Хэнтий аймгийн Галшар сумын алдарт уяачид болох “Монхор” Н.Халтар гуай, “Ангасай” Д.Банзрагч нартай Эрээнцав руу адуу тууж, ойр дотно нөхөрлөж явсан хүн байсан. 1976 онд цэргээс халагдаж ирээд удаан хүсэж мөрөөсөж явсан морь уях хүслээ биелүүлэхээр Нинжваанчиг ахаас бэлэгт ирсэн Галшарын “Ангасай” Д.Банзрагчийн адууны шарга үрээгээр азарга тавилаа. Тэр шарга үрээ гүжирдүү, жижигхэн бахим биетэй, унахад авааргүй, барагтай бол тарга тэвээрэг алддаггүй азарга болсон юм. Азарга сайтай адуу тарж бутардаггүй. Ингэснээр хурдан өсөж, үрждэг. Удалгүй адууны минь тоо толгой өсөхөөс гадна угшил сайтай адуутай болсон доо” гэсэн юм. Г.Цэгмидийн амжилтуудаас дурдвал, 1990 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд болсон “Монголын Нууц Товчооны 750 жилийн ой”-н даншиг наадамд шарга морь аман хүзүүнд, дүү Төмөрбаатарын хамар цагаан хонгор морь айргийн гуравт хурдлав.
Энэ даншиг наадмыг хурдан морины түүхэнд далайцаараа хамгийн том наадам гэж томоохон уяачид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг билээ. Энэ тухайгаа Г.Цэгмид “Дорноговь аймгаас гурван айраг хүртсэний хоёр нь манайхаас төрсөн явдал бол бидний томоохон бахархал юм.
1997 онд Хэнтий аймгийн Галшар суманд болсон “Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит” зүүн бүсийн анхны наадамд нутгийн ахмад уяач Ч.Эрдэнэцогт, хүргэн ах Ж.Аюуш болон Хэнтий аймгийн Дархан сумынхантай гал болон явж дүү Төмөрбаатарын хул хээр морь, миний хондлой буурал соёолон бариатай давхиж байлаа. 1998 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон анхны “Их Хурд-I” наадамд миний хээр азарга, дүү Төмөрбаатарын хар халзан морь сайхан уралдаад ирсэн юм, уг наадамд очих үеэр телевизийнхэнд өгсөн миний ярилцлага болон морьдын бичлэг дүрс одоо цагийн интернэт гээчид тавигдан олны хүртээл болсон байдаг юм билээ” хэмээсэн юм. Бүүдгэр өрөөнд ганц гэрлээр дүрс амилуулж, хөдөлгөөн, хором бүрийг нь алдалгүй үзүүлж, аль ч мэргэжлээрээ ажиллахдаа өгсөн үүрэг даалгаврыг давуулан биелүүлэхээс гадна Монголчууд бидний ондоошлыг дэлхийд харуулах адууны соёлыг түгээн дэлгэрүүлж яваа нь манай нийтлэлийн баатрын амьдралын дурдатгал аж.
Монгол киноны 90 жилийн ойн арга хэмжээний үеэр Айраг сумын кино механикч Ч.Дагвын хамт.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 12 сарын 08,
2025

Сэтгэгдэл0