sonin.mn

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И нар гуравдугаар сарын 1-нд утсаар ярьжээ.


Ван И энэ үеэо хэлэхдээ, "Хятад, Оросын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өчигдөр Ираны өнөөгийн нөхцөл байдлын асуудлаар яаралтай хуралдсан. НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг Хятадын тал тууштай баримталж, олон улсын харилцаанд хүч хэрэглэхийг үргэлж эсэргүүцсээр ирсэн. Америк, Израил Иран–Америкийн хэлэлцээ үргэлжилж буй үед Иранд цэргийн цохилт өгсөн нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл. Бүрэн эрхт улсын удирдагчийг устгаж, засгийн эрхийн өөрчлөлтийг өдөөх нь олон улсын эрх зүй, олон улсын харилцааны суурь зарчмыг ноцтой зөрчиж байна гэв.


Одоогоор байлдааны ажиллагаа Персийн булан даяар тэлж, Ойрх Дорнодын нөхцөл байдал аюултай түвшинд хүрэх эрсдэлтэй болсныг Хятадын тал өндөр анхааралтай ажиглаж байгаагааг тэрээр мөн илэрхийллээ.


Ван И уг асуудлаарх Хятадын талын байр суурийг дараах гурван чиглэлээр тодорхойлов.


Нэгдүгээрт, цэргийн ажиллагааг нэн даруй зогсоох. Дайныг цааш тэлэх, бүс нутгаас хальж даамжрахаас сэргийлж, нөхцөл байдал хяналтаас гарахаас зайлсхийх ёстой. Хятад улс Персийн булангийн орнуудын аюулгүй байдлыг чухалчилж, хүлээцтэй байр сууриа хадгалахыг дэмжинэ.


Хоёрдугаарт, яриа хэлэлцээний замд яаралтай эргэн орох. Бүх тал энхийн төлөө хүчин чармайлт гаргаж, холбогдох талуудыг аль болох хурдан хэлэлцээний ширээнд буцаан суулгах шаардлагатай.


Гуравдугаарт, ганц талын үйлдлийг хамтдаа эсэргүүцэх. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр бүрэн эрхт улсад хүч хэрэглэн довтлох нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тогтсон энхийн суурийг эвдэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг дэлхий дахиныг “ширэнгийн хууль”-д буцаахыг зөвшөөрөхгүй гэсэн тодорхой, нэгдмэл байр суурь илэрхийлэх ёстой гэжээ.


Сергей Лавров хэлэхдээ, Америк, Израил Иранд цэргийн цохилт өгсөн нь Ойрх Дорнодын тогтвортой байдалд ноцтой нөлөөлж байна. Орос улс Хятадын байр суурьтай ижил саналтай бөгөөд НҮБ, ШХАБ зэрэг олон улсын тавцанд Хятадтай уялдаа холбоогоо бэхжүүлж, дайныг нэн даруй зогсоож, дипломат хэлэлцээний үйл явцад эргэн орохыг уриалахад бэлэн байна гэжээ.



Г.Бямба