sonin.mn

Энэ удаа би нийтлэл өөрөө бичсэнгүй. Бусдын сэтгэгдлээс түүвэрлээд нийтлэл босгоод авлаа. Таних нь миний шавь “Элийрэгч” хочит Уянга байна. Бусдыг нь танихгүй ч бичсэн санаа оноонд нь шинэлэг дүгнэлт байна гэж үзлээ. Аль 36 жилийн өмнө Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаараа бид социализмаа эд бад хийгээд капитализм руу зориглоод орчихсон ард түмэн өнгөрсөн социализмтайгаа зууралдсаар хоёрын хооронд гурвын дунд тэлчигнэн байгааг нөхөд зөв шүүмжилж, учрыг нь тайлах гэж оролджээ. Дахин өчье. Энэ бол Баярхүүгийн байр суурь биш. Баярхүү зүгээр л тэднээс эшлэлээ!

 

Facebook-Uyanga Tsoggerel: –Битүүний өдөр муу юм ярьмааргүй байвч зөнөж үхэхдээ ч мунхаг тэнэглэлийн хорлолоо цацсаар байгаа энэ мэт хөгшчүүл өөрсдөө үхэчихмээр байнаа. Нас өтлөх тусам ухаажиж, төлөвшиж, эгэл амгалан оршихуйн гэгээрэлд хүрдэг өвгөдийн маань тэр сайхан өв хаачив даа? Авсандаа ортлоо шуналд нүдээ ухсан хөлсний өлөн булайнууд болчих юм. Рио угаасаа чимээгүйгээр хувиа илүү том мангаст шилжүүлж байгаа. Харин шинэ эзэдтэй нь мэргэжлийн хүмүүсээр яриа хөөрөөнд оруулж, эвтэйхэн хэл амаа ололцоосой билээ. Жич: Мөнгө нэхсэн хэвлэлийн хурал хийсэн өвгөдийн талаар бололтой.

 

Facebook-Эрдэнэтийн Чинбат: –Сошиалд хараал, доромжлол, зүхэл бичдэг хүмүүс ихэвчлэн Ленин, Сталин, Жуков, Путин гэх зэрэг мангад дарангуйлагчдыг шүтдэг хүн сүрэг байдаг юм. Энэ сүрэг бодит мэтгэлцээн хийх чадваргүй учраас аргументын оронд хараал, логикийн талаар ойлголтгүй тул доромжлол ашигладаг.


Хэлний хүчирхийлэл нь тэдний дотоод сул дорой байдал, гомдол, атаархлын хамгийн тод илэрхийлэл бөгөөд мэдлэг сул, бухимдал их байх тусам хүний ой тойнд багтамгүй их хараал зүхэл урсгадаг.


Энэ сүрэг өөрийн бүтээж чадаагүй амьдралаа бусдын амжилтаар хэмжиж, атаархлаа хараал болгон урсгаж, хариуцлагаас зугтахын тулд нийгэм, тогтолцоо, бусдыг буруутгаж амьдардаг. Залхуурч хэвтэж байж бусадтай адил хэрэглээтэй байхыг хүсдэг, эрх чөлөө, ардчиллыг үзэн яддаг, бэлэнчлэх сэтгэлгээ тэдний ухамсарт гүн бат суусан байдаг.


Сүрэг сэтгэлгээ өнгөрснийг бодитоор биш, дурсамжийн тав тухаар дүгнэж, залуу насны мэдрэмжээ нийгмийн үнэнтэй андуурдаг. Иймд эрх чөлөөг ашиглан эрх чөлөөг харааж, үг хэлэх эрхээрээ бусдыг доромжлон, дотоод хоосрол, уур хилэн бухимдлаа чанга дуугаар нөхөж байна гэж боддог.


Эцэст нь хэлэхэд, сошиалд хамгийн их хараал бичдэг сүрэг нь хамгийн хүчтэйтэй бус, харин хамгийн мэдлэггүй хоосон, хамгийн их хохирогчийн сэтгэхүйтэй, хамгийн их атаа жөтөөч, хамгийн сул дорой сэтгэлгээтэй хүн сүрэг байдаг юм.

 

Twitter.com@bilguunin Voice of free Mongol: –Надад хамгийн том шок өгсөн улсуудын дээгүүрт Камбож ордог. Урьдчилсан судалгаа, статистик, бүх л мэдээллийн эх сурвалжаар бол Камбож аймшигтай ядуу, сүйрсэн, ирээдүйгүй улс гэж төсөөлж очсон. Гэтэл бодит байдал дээр очоод харсан зүйл огт өөр байсан. Дэд бүтэц нь Монголоос илүү хөгжсөн. Зам, барилга, хот байгуулалт нь эрчимтэй өсөлтийн дунд явж байна.


Соёл нь асар баялаг, аялал жуулчлал нь амьд, хүмүүс нь хөдөлмөрч. Хамгийн гайхсан зүйл нь аюулгүй, тайван орчин. Жижиг хотын онгоцны буудал нь хүртэл Монголынхоос хэд дахин том, орчин үеийн, цэгцтэй байсан. Тэр үед нэг зүйлийг маш хүчтэй ойлгосон. Улс орныг ядуурал биш сэтгэлгээ хоцроодог.


Байгалийн баялаггүй, дайн туулсан, аймшигтай геноцид үзсэн улс хүртэл урагшилж байна. Харин бид асар их баялагтай хэрнээ гацсан, нуралтын, боломжгүй гэсэн сэтгэлгээндээ өөрсдөө өөрсдийгөө түгжээд сууж байна. Азид хөгжил чимээгүй боловч маш хурдтай явагдаж байна. Зам баригдаж байна. Хотууд босч байна. Эдийн засаг хөдөлж байна. Ирээдүй бүтээгдэж байна. Харин Монголд бид маргаан, айдас, хардалт, гацаа, нураалт дунд цаг алдаж байна. Тэр аяллаас хойш нэг зүйл дотроос байнга хатгаж явдаг болсон. Бид сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол баялагтай ядуу улс хэвээр үлдэнэ. Харин сэтгэлгээгээ өөрчилж чадвал Монгол Азийн дараагийн өсөлтийн түүх болж чадна. Хөгжлийг эхлээд зам дээр биш, толгой дотор барьдаг.

 

Facebook-Hariad Uyanga: –Коммунизмын махны машинаар ороод, хүн байх гэдэг хүнлэг чанараа алдаж, махны машины эд анги болоод бойжчихсон зэрлэгшчихсэн агаа аниа нар байдаг. Тэд махны машин нь байхгүй болсонд хорсож, ганцаардаж залуу хойч үеэ утасны цаанаас доромжилж суухдаа алдагдсан эрх мэдлээ өчүүхэн ч болтугай мэдэрч өөрийгөө хуурч амьдардаг.


Ганцаардах шалтгаан нь өнөөх коммунизмын машин байхгүй болж, өөрийгөө хэнд ч хэрэггүй, шруп болсон гэдгээ мэдрээд тэр. Өнөө цагийн бодит амьдрал дээр нийгмээсээ ангид бодолтой болчихсон, ганцаардсан хүмүүс болсон байдаг.


Шалтгаан нь nostalgic depression. Коммунизм нурсан нь миний буруу ч биш. Коммунизм нурах үед би бичиг үсэг ч мэдэдгүй хүүхэд байлаа. Манайхан лав бүгд баярлаж байсан. Танай үеийн ухаантай масс нь жагсаж, ухаантай хүмүүс нь коммунизмаас татгалзсан. Надаас 25-30 насаар ах бололтой хүн Оросоо монгол хүн надаас өмөөрч “Чи зайлж, цусаар улиач” гэж бичиж байгааг харах, гутаж байнаа. Ямар азаар коммунист пионер гээч нь нийгмийн цөөнхи байсан юм.

 

Facebook-Улсын начин М.Мижиддорж: –Намайг Зүүнхараагийн прокуророор ажиллаж байхад Д.Хадбаатар аварга, Ц.Лоохууз нар хоригдож байсан. Би Хадбаатарыг гэртээ авчран дайлсныхаа улмаас албан тушаалаасаа хөөгдөх шахаж байлаа. Мөн Ц.Лоохууз гуайг өмөөрөн үг хэлснийхээ төлөө алгадуулж явсан удаатай. Коммунизм гэдэг хүсэх зүйл биш. Арван хүн тутмын нэг нь матаач байсан, хэлмэгдүүлэлт, дарангуйлал энгийн үзэгдэл болсон нийгэм байлаа. Тийм нийгэмд амьдарч үзсэн хүний хувьд хэлэхэд, өнөөгийн нийгмээ хайрлан хамгаалж яваарай. Одоогийн нийгэм л хамгийн сайхан нь. 


Эмхэтгэгч миний тайлбар: Социализмаа ихээхэн санан мөрөөдсөнөөр хөгжил огт ирдэггүй юм байна. Социалист нийгэм гоё нь гоё. Гэхдээ одоо дахин хэзээ ч эргэж ирэхгүй. Одоо ухарч мөрөөдөж ханалаа. Одоо цагт хэн ажилсаг, ухаалаг, уйгагүй, хариуцлагатай нь гялалздаг нийгэм. Хэн ч хөгжиж дэвжихийг нь хориогүй. Арчаагүй, унхиагүй, хариуцлагагүй, ажлын байранд тэнцэхгүй байгаагаа зөвтгөх арга чинь улам бүр мухардаж байна, монголчууд аа!  



Д.Баярхүү