Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сүүлийн үед ихэд цочоотой мэт үг, үйлдэл олонтаа гаргах болов. Намайг муулуулах гэж хотын төвийн оффис болгонд баг ажиллаж байна л гэх, асуулт асуусан сэтгүүлчдийг чи ч тэр компаний захиалгынх, тэр ч энэ компаний төлбөртэй л гэх, тэгсэнээ гэнэт юу болов гэмээр зөөлөрч, ер нь би хуцсан нохой болгон руу чулуу шидэхгүй л гэнэ.
Мөн хэвлэлийнхэнд таатай бус ханддаг гэдгээрээ зартай тэрээр гэнэт л хэд хэдэн ярилцлагын нэвтрүүлэгт оров.
Үүнтэй зэрэгцэн, захиалгаар бусдыг харлуулдаг гэдгээрээ зартай хэд хэдэн сэтгүүлчид гэнэт УИХ-ын гишүүн, Хот Байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын Сайд Э.Бат-Амгалан руу дайрсан үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв мэдээллийг сэвж эхлэв.
Удалгүй мах хулгайд алдагдсан байна гэхэд юун гуя гэдэг онигоо шиг Х.Нямбаатар ч өөрөө гарч ирэн, Э.Бат-Амгалан руу дайрсан зүйлсийг жиргээнд бичих нь тэр ээ. Яагаад Х.Нямбаатар дарга маань ингэтлээ их сандрах болов.
Тун удахгүй Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, даргаа сонгох юм байна.
Нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн дийлэнхи нь нэгэнт МАН дахь нүүрсчдийн бүлэглэл нуран унаж, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа учраас тэдэнтэй ойр хамтран ажиллаж байсан Х.Нямбаатар ч намын ажлаа өгөх нь зөв гэж үзэж буй гэнэ. Нөгөө талаас Нийслэлийн МАН-ын хорооны даргад Э.Бат-Амгаланг дэмжих жирийн гишүүдийн тоо олон байгаа бололтой. Иймээс ч намын гишүүдийнхээ шаардлагаас айсан Х.Нямбаатар өөрийгөө магтаж нэг, өрөөлийг муулж нэг үзэж буй бололтой.
Б.Балжир
Лхагва - 02 сарын 25,
2026
Сэтгэгдэл0