sonin.mn

“Монгол 87,89” нэгдэл 2022 онд анх байгуулагджээ. 1987 онд наймдугаар анги, 1989 онд аравдугаар анги төгсөгчдийг нэгтгэсэн уг ТББ нь 8560 гишүүнтэй.


Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг төгсөгчдийн нэгдлээс хамгийн анхдагч бөгөөд спорт, эрүүл мэнд, аялал жуулчлал, урлаг соёл, боловсрол зэрэг салбар зөвлөлүүдтэйгээр гишүүдээ хөгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж.



Энэ жилээс урлагийн их наадам зохион байгуулж, 21 аймгийн төгсөгчид оролцлоо. Эх орноороо таван удаа аялал зохион байгуулж, хилийн чанадын аяллыг шат дараатайгаар төлөвлөжээ.



Тэд нийгмийн сайн сайхан үйлсэд нэгдэж, идэвхи санаачлагатай оролцдогоороо бусдаас ялгардаг. Зуданд нэрвэгдэн, хохирол амссан малчид, өвдсөн найзууддаа туслах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 400 мод тарьж, “Монгол89 төгөл” байгуулжээ.


Бүжгийн хоёр клуб, фитнес тогтмол хичээллэдэг аж. Зар сурталчилгааны группээрээ бизнес эрхлэгч найсуудаа дэмжин, “Номтой нөхөрлөе” өдөрлөгийг тогтмол зохион байгуулж хэвшжээ. Тэдний хамтарч байгуулсан төв оффист эрүүл мэнд, танин мэдэхүйн сургалтууд тогтмол явагддаг. 


Явган алхалтын холбооныхон дэлхийн дээвэр Эверестэд мөрөө гаргасан юм. Рафтингийн холбооныхон олон улсын бартаат завины тэмцээнээс медальт байранд шалгарчээ. “89 насандаа олуулаа” уриатай эл хамт олон амьд байгалийг хайрлах, хүн хүндээ тусч зөв амьдрах үзэл санаагаар үлгэрлэх зорилготой аж.