sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /BBC/. Ирэх дөрөвдүгээр сард Бээжинд айлчлахаар тохиролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг ирэх оны сүүлчээр төрийн айлчлал хийхийг урьсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Ши Жиньпинтэй утсаар ярьсныхаа дараа тэрбээр ийнхүү хэлсэн байна. 


Сар орчмын өмнө Өмнөд Солонгост уулзсан Д.Трамп, Ши Жиньпин нар худалдаа, Украины дайн, фентанил, Тайваньтай холбоотой зэрэг олон асуудлыг хэлэлцсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч болон Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.


“Хятадтай тогтоосон харилцаа маань маш бат бөх юм!” гэж Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна. Хоёр улс “тэгш байдал, харилцан бие биеэ хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан харилцааны эрчмээ хадгалж, зөв ​​чиглэлд урагшлах ёстой” гэж Хятадын төрийн мэдлийн агентлаг мэдээлжээ. Удирдагчид энэ оны 10 дугаар сард Өмнөд Солонгосын Бусан хотод уулзаж, түүний дараа татварын талаар тохиролцоонд хүрсэн юм. Улмаар Америкийн тал фентанилтай холбоотойгоор тогтоосон татварын хэмжээг 20 хувиас хоёр дахин бууруулахаар шийдвэрлэсэн билээ. Хятадын бараа бүтээгдэхүүний тариф хэвээр байгаа бөгөөд дунджаар 50 хувиас доогуур байна.


“Түүнээс хойш Хятад, АНУ-ын харилцаа ерөнхийдөө тогтвортой болж, эерэг чиглэлээ хадгалсаар байгаа бөгөөд үүнийг хоёр улс төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг сайшааж байна” гэж Хятадын мэдэгдэлд дурджээ.


Хожим нь АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд 100 хувийн нэмэлт татвар ногдуулна гэж мэдэгдээд байснаа буцаан татсан бол Хятадын тал газрын ховор элементийн экспортод хязгаарлалт тавих төлөвлөгөөгөө хойшлуулсан юм. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левиттийн мэдээлснээр, Ши Жиньпинтэй даваа гарагт хийсэн хэлэлцээ нэг орчим цаг үргэлжилсэн бөгөөд голчлон худалдааны асуудлыг хөндсөн байна. “Бид Хятадын талын шийдвэрт сэтгэл хангалуун байгаа, тэд ч мөн сэтгэл хангалуун байна” гэж тэрбээр хэлжээ.


Ши Жиньпин, Д.Трамп нар худалдааны асуудлаас гадна Украин, Тайванийн асуудлыг хөнджээ. Ши Жиньпин Д.Трампад хандан хэлэхдээ, Тайванийг “Хятадад эргүүлэн нэгтгэх” нь дайны дараах олон улсын дэг журмын салшгүй нэг хэсэг гэсэн байна. 


БНХАУ нь Тайванийн бүрэн эрхт байдлын талаарх “стратегийн тодорхойгүй байдал”-ын улмаас АНУ-ын холбоотон Японтой дипломат маргаан үүсгээд байгаа юм. Энэ сарын эхээр Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ мэдэгдэхдээ, Тайваньд хийсэн Хятадын аливаа халдлага нь Японыг цэргийн хариу арга хэмжээ авахад хүргэж болзошгүй гэсэн юм. Гэсэн хэдий ч Д.Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан талаараа “Truth Social” сүлжээнд нийтлэхдээ Тайванийн талаар дурдаагүй байна. Японд суугаа АНУ-ын Элчин сайд Жорж Гласс өмнө нь Америкийн тал Токиог дэмжиж байгаа хэмээн мэдэгдэж байжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг