ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /RIA Novosti/. Крипто валютын Binance биржийг үүсгэн байгуулагч Чанпэн Жаог 2023 оны 10 дугаар сарын 7-нд Израил руу хийсэн дайралтын дараа ХАМАС бүлэглэлд олон сая ам.долларын шилжүүлэг хийхэд тус дөхөм үзүүлсэн гэж буруутгаж байгаа тухай Financial Times сонинд мэдээлжээ. Тус сонинд ХАМАС-ын дайралтын үеэр амиа алдсан, шархдсан эсвэл барьцаалагдсан Америкийн иргэдийн арын гэрийнхний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эш татан бичсэнээр, Жао болон түүний Binance платформыг "ХАМАС, Хезболла бүлэглэлүүдэд мэдсээр байж зориуд санаатайгаар дэмжлэг үзүүлж, санхүүгийн эх үүсвэрүүд, гүйлгээгээ нуух боломжийг олгосон гэж буруутгаж байгаа аж”.
“Binance платформоор дамжуулан хийсэн ийм шилжүүлгүүд нь компани 2023 оны 11 дүгээр сард АНУ-ын хориг арга хэмжээ болон мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн хэргийг шийдвэрлэхийн тулд 4.3 тэрбум гаруй ам.доллар төлөхийг зөвшөөрснөөс хойш ч гэсэн үргэлжилсээр байсан" гэж нэхэмжлэлд дурдсан байна.
CZ гэдэг нэрээрээ алдартай Чанпэн Жао өмнө нь АНУ-ын мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөнөө хүлээж, 4 сар хоригдох ял авсан боловч Д.Трамп 10 дугаар сард өршөөл үзүүлсэн юм. Forbes сэтгүүлийн мэдээллээр, Ч.Жао нь 86 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Тэрбээр 2017 онд "Binance"-ийг байгуулсан бөгөөд тус биржийн ихэнх хувийг эзэмшсэн хэвээр байгаа ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 11 сарын 25,
2025

Сэтгэгдэл0