БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өчигдөр буюу 11-р сарын 29-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав.
Энэ үеэрээ: "НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр саяхан "2023 оны ялгаруулалтын зөрүүний тайлан"-г нийтэлсэн. Уг тайланд улс орнууд “Парисын хэлэлцээр”-т хүлээсэн үүргээсээ илүү хүчтэй утааг бууруулах арга хэмжээ авах ёстой, эс тэгвээс 2030 он гэхэд 2.5-2.9 хэмийн дэлхийн дулааралттай тулгарна гэж тэмдэглэжээ. Хятад улс дээрх үзэл бодолтой санал нийлж байна уу? “Парисын хэлэлцээр”-ийн зорилтуудыг товлосон хугацаанд нь биелүүлэхийн тулд ямар хүчин чармайлт гаргах вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад:
Ван Вэньбинь хариулахдаа:
"Сүүлийн жилүүдэд цаг уурын эрс тэс үзэгдэл байнга гарч, уур амьсгалын сөрөг нөлөөлөл ихсэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах дэлхийн хүчин чармайлт хангалтгүй байгааг энэхүү тайлан дахин сануулж байна.
“НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц” болон “Парисын хэлэлцээр” нь олон улсын хамтын нийгэмлэгийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран хариу арга хэмжээ авах зарчим, зорилгын талаар нэгдсэн ойлголтод хүрч, дэлхийн дундаж температурын нэмэгдлийг 2 хэмд тогтоон барьж, цаашлаад 1.5 хэмийн дотор барихаар хүчин зүтгэнэ. Конвенц болон Парисын хэлэлцээрт мөн хөгжингүй орнууд утааг мэдэгдэхүйц бууруулахад манлайлан оролцож, хөгжиж буй орнуудын уур амьсгалын үйл ажиллагаанд санхүү, техник, чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг шаардсан юм. Хөгжиж буй орнууд ч уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулах ёстой." гэж хариулжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Хөгжил цэцэглэлт бол зуурдын жаргал гэдгийг хүмүүс ухамсарлах хэрэгтэй. Оройтоогүй байсан дээр эх дэлхий байгаль экологио авран хамгаална уу?