sonin.mn

20 гаруй жилийн турш сонсогчдын сэтгэл зүрхэнд хоногшсон хит дуунуудын эзэн, Монголын хип хопын түүхэнд гэрэлтэх тод өнгө “Татар” хамтлагийн ахлагч Д.Батзаяатай уран бүтээлийн сонин сайхан болон удахгүй нээлтээ хийх киноных нь талаар ярилцлаа.


 


-2000-аад оны үеийн сор болсон хамтлагуудын нэг нь яахын аргагүй Татар. Хамтлагийнхаа сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцана уу?


-Манай хамтлаг 2003 онд үүсэн байгуулагдаж байлаа. Бид өдийг хүртэл уран бүтээлээ тасралтгүй туурвиж явна. Хэсэг хугацаанд би бие даасан уран бүтээлүүд хийж байсан. Тэгээд одоогоос долоон жилийн өмнөөс хамтлагаараа уран бүтээлээ туурвиж байна. Мөн өчигдөрхөн дуучин П.Баярцэнгэлтэй хамтран хийсэн “Оддын доор” гэх шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа. 




-Өмнө та “Аз жаргал bad boy” гээд кинонд тоглож байсан шүү дээ. Энэ талаараа ярьвал, кинонд тоглосны дараа шинэ кино, уран бүтээлийн санал ирж байв уу?


-Надад анх 2007 онд нэг киноны санал ирж байсан ч тоглоогүй. “Аз жаргал bad boy” кинонд тоглоод жүжигчний мэргэжил, жүжиглэх урлагийн гайхалтайг мэдэрч, заавал энэ чиглэлээр мэргэшиж, сурч байж л кинонд тоглох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Мөн кино гэдэг бол баг хамт олны бүтээл юм гэдгийг мэдэрсэн. Ер нь кинонд тоглоно гэдэг хэцүү юм байна гэж бодсон. Киноноос “айсан” гэж хэлж болно. Энэ кинонд тоглосны дараа дүрийн саналууд ирж байсан ч тоглоогүй. 



-Та өөрийгөө тодотгох уран бүтээлээсээ хуваалцахгүй юу?


-Татарын “Хайрыг хүндэл” байна. Мөн миний бие даасан уран бүтээл “Улаанбаатарын нулимс” гээд дуу бий. Энэ дууг сүүлд шинэчлээд Young Mo’G, Ginjin нартай хамтран дуулсан.


-“Татар” хамтлаг удахгүй киногоор үзэгчдэдээ бэлэг барина гэсэн. Киноныхоо тухай яриач?


- “Татар” хамтлаг “Аранжин” пикчерстэй хамтран бүтээсэн “Татар” уран сайхны киногоо тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Киноны зохиолыг А.Миеэгомбо, Т.Билгүүн, Л.Ариунболд нар хамтран бичсэн. Ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр ажилласан байгаа. Одоо энэ сарын 19-нд нээлтээ хийнэ.


-Танай хамтлагийн замналын аль үе нь кинонд түлхүү гарах вэ?


- "Татар” хамтлаг байгуулагдах үе бол 2000-аад оны эхэн үе. Тэр үеийн Монголын амьдрал, залуучуудын хүсэл сонирхол, хип хоп хөгжим орж ирсэн үеийн түүх гарна.



-Кинондоо өөрсдөө тоглосон уу, Мөн танай хамтлагийн дөрөв дэх гишүүний дүр кинонд гарах уу?


-Манай хамтлаг анх дөрвөн гишүүнтэйгээр байгуулагдаж байсан. Тиймээс дөрөв дэх гишүүн энэ кинонд “тод” харагдана. Хамтлагийн гишүүдийн дүрд мэргэжлийн жүжигчдээс сонгон шалгаруулж, бидэнтэй маш төстэй дүр төрхтэй жүжигчдийг тоглуулсан. Тухайлбал, миний дүрд Gangbay хамтлагийн дуучин Б.Ганбат (Gangaa), Д.Мөнхчулууны дүрд Х.Сумъяадорж гээд залуу жүжигчид маань тоглосон байгаа.




-“Татар” УСК-нд хамтлагийнхаа дуунуудаас ашигласан байх. Кинондоо зориулж шинэ дуу гаргасан уу?


-Кинонд манай хамтлагийн уран бүтээлүүд орсноос гадна есдүгээр сарын 1-нийг тохиолдуулан “Ардын багш” дууг гол дүрийн жүжигчид маань шинэчлэн дуулсан байгаа. Мөн хамгийн онцлог, сонирхолтой нь гэвэл “Татар” хамтлагийн анхны клип бол “Бусдын хайрыг хүндэл” дууны клип. Тэр клипэнд МУСТА жүжигчин Н.Ялалт ах тоглосон байдаг. Тэгвэл дахин Н.Ялалт ах “Татар” хамтлагийн түүхийг өгүүлэх энэхүү кинонд маань дүр бүтээж байгаа.  


-Киногоороо үзэгчдэд ямар санаа өгөхийг зорьсон бэ?


-Мөрөөдөл ямар үнэ цэнтэй болох, мөрөөдлийнхөө төлөө тэмцэх хэрэгтэйг харуулахыг зорьсон.





  

Ч.БЯМБАХАЖИД


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин