ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 20 /Miami Herald/. АНУ-ын Флорида муж улсын шүүх 2021 оныг хүртэл Кубын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өдгөө 95 настай Рауль Кастрог баривчлах захирамж гаргажээ.
Шүүхийн үзэж буйгаар, Рауль Кастро 1996 онд Кубын тагнуулын албаны ажилтнуудтай нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг үйлдэхээр хуйвалдсан гэж үзэх хангалттай үндэслэл байгаа аж.
Тухайн онд Кубын сөнөөгч онгоцууд Флоридагийн хоолойн дээгүүр нисэж явсан, “Brothers to the Rescue” хүмүүнлэгийн байгууллагын иргэний зориулалттай “Cessna” загварын хоёр онгоцыг сөнөөжээ. Тус байгууллагынхан далайд осолдож, тусламж хэрэгтэй болсон Кубын дүрвэгсдийг хайж явсан байна. Энэхүү хэрэг явдлын улмаас АНУ-ын гурван иргэн, Кубын нэг иргэн амиа алджээ. Тухайн үед Кубын Зэвсэгт хүчний сайдаар ажиллаж байсан Рауль Кастрог уг хэрэгт шууд хариуцлага хүлээх ёстой гэж АНУ үзэж байна. Мөн Кубын хоёр тагнуул Флорида муж улсын Майами, Ки-Уэст хотуудад байрлаж байсан “Brothers to the Rescue” байгууллагад нэвтэрч, хүний эрхийг хамгаалагчдын нислэгийн талаарх мэдээллийг Кубын эрх баригчдад дамжуулсан гэж үзэж байгаа аж.
АНУ-ын Засгийн газар тавдугаар сард Рауль Кастрод албан ёсоор ял тулгажээ. Гэм буруутай нь тогтоогдвол тэрбээр бүх насаараа хоригдох ял авах юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын сүүлчээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ Кубыг “дампуурсан улс” хэмээн тодорхойлж, тус улсад “эрх чөлөө ирнэ” гэж мэдэгдсэн билээ. Түүнийг үг хэлэх үеэр Кубын төлөөлөгчид хурлын танхимыг орхин гарч байв.
Дараа нь Д.Трамп Куба улс АНУ-тай хэлэлцээр байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, цэргийн хүч хэрэглэх шаардлагагүй болно гэж мэдэгджээ.
АНУ Венесуэлд цэргийн ажиллагаа явуулж, тус улсын удирдагч Николас Мадурог баривчилсны дараа Венесуэлээс Кубад газрын тос нийлүүлэхээ зогсоожээ. “Кубад цаашид газрын тос ч, мөнгө ч очихгүй. Юу ч очихгүй. Оройтохоос нь өмнө хэлэлцээр байгуулахыг би тэдэнд (Кубын эрх баригчдад) хатуу зөвлөж байна” гэж Д.Трамп Н.Мадурог баривчилсны дараахан анхааруулсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 10 сарын 20,
2026
Сэтгэгдэл0