sonin.mn

Иргэдийн нэгдлийн төлөөлөл Улсын Их Хурлыг тараахыг шаардсан иргэдийн шаардлагыг хүргүүлж, энэ талаар мэдээлэл хийлээ.


Тэдний үзэж буйгаар, УИХ-ын 126 гишүүн хууль тогтоох дээд байгууллагынхаа үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх чадамжгүй болж, улс орны эрх ашгаас илүү нам доторх бүлэглэл, фракцуудын ашиг сонирхлын зөрчилд автаад байгаа аж.


Иргэдийн нэгдлийн төлөөлөл “УИХ-ыг тараах хангалттай үндэслэл бий. Өнөөдөр 126 гишүүнтэй парламент төрийн эрх барих дээд байгууллагынхаа үүргийг гүйцэтгэж чадахгүй байна. УИХ нь бүлэглэл, фракцуудын хоорондын тэмцлийн талбар болж хувирсан. Намын дарга нар өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийг намын жагсаалтад оруулдаг. Ингэснээр иргэд өөрсдийн төлөөллийг шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим алдагдаж байна” хэмээн мэдэгдэв.



Мөн тэд УИХ-ын 126 гишүүний 48 нь намын жагсаалтаар сонгогддог тогтолцоог шүүмжилж, эдгээр гишүүнийг нам, бүлэглэлийн эрх ашгаас илүү улс орны тулгамдсан асуудалд анхаарах ёстой гэж үзэж буйгаа илэрхийллээ.



“Бид УИХ-ын гишүүдээс хуулиа биелүүлэхийг л шаардаж байна. Намын жагсаалтаар орж ирсэн 48 гишүүн улс орны асуудалд анхаарал хандуулахын оронд нам, фракцынхаа эрх ашгийг өдөр, шөнөгүй ярьж байна. Ийм нөхцөлд УИХ тарах ёстой гэж үзэж байгаа” гэв.


Иргэдийн нэгдлийн зүгээс УИХ-ыг тараах шаардлагын хүрээнд хоёр сар гаруйн хугацаанд иргэдийг эвлэлдэн нэгдэхийг уриалж, үзэл бодлоо илэрхийлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлэв.



Тэдний эцсийн зорилго нь зөвхөн УИХ, Засгийн газрыг тараах бус, төрийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, иргэдийн төлөөллийг хангах зарчмыг сэргээх явдал гэдгийг онцоллоо.



“Бидний эцсийн зорилго бол тогтолцооны шинэчлэл хийх. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг сэргээж, ард түмэн өөрсдийн жинхэнэ төлөөллөөс бүрдсэн парламенттай болох ёстой. Зөвхөн УИХ, Засгийн газрыг тараагаад зогсохгүй тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай гэж бид нэгдэж байгаа юм” хэмээн тайлбарлав.


Түүнчлэн тэд УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, зарим хууль тогтоомжийг тодорхой бүлэглэлийн захиалгаар баталж байгаа гэж үзэж буйгаа илэрхийллээ.


“Гаднын эрх ашигт үйлчилдэг УИХ, Засгийн газар Монголын ард түмэнд хэрэггүй. Захиалгаар хууль баталдаг, иргэдийнхээ төлөөллийн үүргийг биелүүлж чаддаггүй УИХ-ын гишүүдийг ард түмэн хүсэхгүй байна. Тиймээс УИХ-ыг тарааж, Монголын төрд ард түмнээ жинхэнэ утгаар нь төлөөлж чадах хүмүүсийг сонгох ёстой” хэмээн мэдэгдэв.

 

М.Чой