Нэгэн сөрөг үзэгдэл хүн төрөлхтөнийг сүүдэр мэт дагасаар иржээ. Тэр үзэгдэл бүр нийтийн тооллын өмнөөс эхэлж буй болжээ. Тэр бол улс орнууд нэгдэж, томорч байгаад бусад улс орныг түрэмгийлэн эзлэхийг оролддог, эзэлж ч ирсэн бурангуй үйлдэл юм. Нэгдэж, нэгтгэж, томорч, хүчирхэгжиж чадаад дараа нь бусад руу халдлага үйлдээгүй том гүрэн гэж ер үгүй. Сүүлийн 300 жилийн туршид ч энэ үзэгдэл ер тасраагүй байна. Хойд Америкт олон арван штатууд нэгдэж хүчирхэгжээд түрэмгийлэл үйлдсээр ирэв. Яг л тэр жишгээр Европын орнууд холбоо байгуулж хүчирхэгжээд түрэмгий шинжтэй болов. Төрийн байгуулалт, үйл ажиллагааны шинжээрээ АНУ болон Европын Холбоо (ЕХ) адилсаж, бүр НАТО-д нэгдэж, “Биднийг хэн хэлэх билээ, нохойг хэн саах билээ” гэх авир гаргах, эрэмшин танхайрах, зөвхөн өөрсөддөө ашигтайгаар дэлхий дахиныг өөрчлөх гэж оролдсоор байна. Европын холбоонд нэгдсэн улсууд бүрэн эрх, тусгаар тогтнолоо алдаж АНУ-ын штатуудын хэмжээнд хүрч жижгэрлээ, субъект байх чадвараа ч алдлаа.
Америкийн Нэгдсэн Улс, Европын Нэгдсэн Улс гэж л нэрлэх, тооцох нь зөв болов. Эдгээр оронд сонгуулиар аль ч нам, хэн ч ялсан гэсэн ЕХ-ны бодлогонд захирагдаж, нөлөөнд нь бүрэн орчихож байна. Европын улсуудын элит давхраа нь урд өмнөх том дайнуудын хонзогнолоор амьсгалж, энэ 2026 оны байдлаар милитарист, нацист, фашист үзэл суртлаар нэлэнхүйдээ өвчилсөн нь тодорхой болов.
ЕХ-ны удирдлага, ихэнх гишүүн орнуудын нь удирдлага бүгд л үнэн хэрэгдээ АНУ-ын ардчилсан намын гар хөл юм. Өнөөдрийн Германд канцлер Мерцийг сөрөг намын гишүүд нь яг л тэгэж нэрлэж, үнэлж байна. Европын олон орныг эрхшээнгүйдээ л Наполеон Орос руу довтолсон. Гитлер мөн олон орныг эзлээд Орос руу халдсан. ЕХ одоо Украиныг ашиглан Оросын эсрэг дайтаж байна. АНУ, Англи хоёр энэ дайныг элдэв арга, элдэв замаар дэмжиж, аль алиныг нь хохироох, доройтуулахыг зорьж, дайны гал дээр тос нэмсээр ирлээ. Уламжлалт шашинаа (үнэн алдартны) шүтдэг, орос хэл, соёлтой хүмүүсийг төрөлх газар нутгаас нь гадуурхан хөөж, хавчиж, бүр алж хядаж байхад тэднийгээ өмөөрөх, хамгаалах нь оросуудын зөв шүү дээ. Тэдний дунд худ худгүй нар нь, бэр, хүргэд нь, ач зээ нар нь ч байсан юм. Угсаа гарал, хэл, соёл, шашин нэгтнээ төрөл, саднаа өмөөрөх, хамгаалах нь Оросын төр, засгийн үүрэг. Харин олон үндэстэн, угсаатнаас бүрэлдсэн онцлогоо тооцож, бүгдэд нь ижил тэгш хандах нь Украины төр, засгийн үүрэг, хариуцлага байв. Энэ талаар тэд том алдаа гаргажээ. Англи ЕХ-ноос гарч, холдож байгаад ЕХ-г турхиран Оросын эсрэг хандуулж чадлаа. Тэд хэзээнээсээ л тэгдэг, хүний гараар могой бариулдаг. Богино хугацаанд 4 ерөнхий сайд солигдоход бүгд л Украиныг байлд! гэж турхирсаар байв. Эх газрын улсууд хүчирхэгжиж, Орос хүчирхэгжихийг англичууд ер тэвчиж чаддаггүй. Тэд хүчирхэгжиж “Их Британий эзэнт гүрэн “сулрах, жижигрэх нь англичуудын хувьд байж болшгүй зүйл. Урд өмнөх сүр хүч, нөлөө, хамаарлаа санагалзах, ихэрхэх нь улс төрчдийн нь өвчин, гажиг шахуу. Их Британичуудын улс төрийн үйл ажиллагаа, технологийн нь гол зарчим бол бусдыг ашиглаж зорилгондоо хүрэх. Энэнийг өнгөрсөн зуунд Энэтхэгийн М.Ганди сайтар таниад бүр дэлхийд сурталчилж байсан юм. 51 штатаас хурааж төвлөрүүлсэн их мөнгөөр Трамп тоглож, гишүүн орнуудынхаа мөнгөөр ЕХ, НАТО тоглож байна. Таарсан таар шуудайнууд… Хэрвээ Африкийн олон улс нэгдээд, их мөнгө цуглуулах, тэгээд түрэмгийлэл үйлдэж эхлэх, мөн Зүүн Өмнөд Азийнхан нэгдээд, мөн л их мөнгө цуглуулж, түрэмгийлэл үйлдэх аваас энэ дэлхий яанаа? АНУ, НАТО, ЕХ яаж хандах бол оо? Олон улсыг нэг жолоонд хураадаг “эзэнт гүрний загвар” бол түрэмгийлэл үйлдэхийн “зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл” юм гэж үү? Латин Америкийн нэгдсэн улс гэж ч буй болох бизээ. Өөрөөр байх, орших аргагүй шахам болчихоод байна шүү дээ! Швейцарь хүртэл төвийг сахидаг байр сууриа орхиж мэдэх нь. Орыг нь Монгол маань эзэлвэл зүгээрсэн! Бид аль хэдийнээ томоос том байгаад үзчихсэн болохоор одоо хорхойсох юм ер үгүй…Дуртай нэг нь “үзээгүйгээ үзэж, үхэр цамаар харайж л байг”.
Дайн хийх үнэ, өртөг ер бусын хурдцаар өсчихлөө. Хамгийн сүүлчийн загварын сөнөөгч онгоц, далавжит пуужин, дуунаас хурдан пуужингийн үнэ, агаараас хамгаалах цогцолбор гэхэд л үнэ, өртөг нь нэн өндөр болчихлоо. Ядуу орон, нэг улс өнөөдөр дайн хийх боломжгүй.
Баян улс, цэрэг дайны том холбоо, эвсэл мэт нь л дайн хийх болов. НҮБ энэ байдлыг тусгасан, хориглосон хууль баталж мөрдүүлэх хэрэгтэй. Дайн хийгчдээс хөрс шороо, агаар мандал, ус бохирлосон өндөр төлбөр ч авах ёстой. Хариуцлага хаана хаанаа л хэрэгтэй, хэн ч гэсэн үг, үйлдэлээ хянах учиртай. ЕХ-ны гишүүн улсууд орчин үеийн хүчтэй зэвсэг үйлдвэрлэж эхэллээ. 20 гаруй орноос цуглуулсан их мөнгөөрөө Украиныг дэмжиж, ялах боломжгүй дайны гал дээр тос нэмэж, энэ дайныг Оросыг туйлдтал үргэлжлүүлэхээр тохирчихлоо. Ингэ ингэсээр стратегийн цөмийн зэвсгийн цохилтонд хэн нэг нь, эсвээс 3-4 нь өртөж байж л тэд уг зорилгоосоо ухрах бололтой. “Хал үзэж, дол цохьсон” Оросууд цохилтын тоо, хүчээ шаардлагатай хэмжээнээс нь арай ч хэтрүүлчихгүй байх. Зохих үед нь жолоогоо татах нь тодорхой. Украин, Оросын дайн эхний шинж, цараасаа өргөжлөө, өөр дээд шатанд шилжлээ. Оросын тал аргагүйн эрхээр энэ хэмжээ, түвшинд нь цааш үргэлжүүлэх болно. Эхэлж тавьсан зорилгондоо ч хүрэх байх, лавлуулаад тавихаас өөр аргагүй болчихсон шинэ зорилгоо ч биелүүлэх байх… Украиныг дэмжигчид залхах, цөхрөх ч байх, Украины ард иргэд үхлийг, мөхлийг биш энх тайван амьдралыг сонгож, болчимгүй дайнчдаасаа ч салах байх.
Фронт дээр амь үрэгдэж буй залуус л хайран юм. Аль аль талын аавууд, ээжүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өрөвдөх юм даа. Энх тайвныг эрхэмлэнэ гэж ярьж, ухуулсаар байгаад сонгогдсон Зеленский амласнаа биелүүлсэнсэн бол залуус ч амь үрэгдэхгүй, бүсгүйчүүд ч бэлбэсрэхгүй, хүүхдүүд ч өнчрөхгүй байсан билээ…
“Атландын далайн цаана АНУ аюулгүй, Арал дээрээ Их Британи аюулгүй байвал л боллоо” хэмээсэн байр сууринаас тэд Украин эрчүүдийн амиар, 50 гаруй орны хөрөнгө, мөнгө, зэвсгээр тоглож байна, далд хорон санаагаа хэрэгжүүлж байна. “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэцгээгээд л дэлхий дахин хараад сууцгааж байна. Ингэж болдог л юм байна даа! Биеэ хөөрөгдөн магтах, томрох, АНУ-ыг агуа хүчирхэг гүрэн хэмээн сүржигнэн тунхаглах мэтийн давлиун, задгай ааш зан нь Трампыг онигооны баатар болголоо. Түүний нэр хүнд унасаар, уруудсаар байна. Дэлхийн бүх алтыг гартаа оруулж, ноёрхлоо тогтоох гэсэн еврейчүүдийн зорилгод Трамп үйлчилж эхэллээ. Венесуэлийн алтны нөөц АНУ-д шилжлээ. Дэлхийн бөмбөрцөгийн баруун хагасыг эрхшээгээд зүүн хагас руу өнгөлзөх бололтой. Трампын залгамжлагчид үйл хэргийг нь үргэлжлүүлэх байх… Еврей баячуудын лоббид АНУ-ын төр засаг бүрэн орсон, Европын элит давхрааныхны лоббид “Европын нэгдсэн улс” (ЕХ) бүрэн автсан, тэдний түлхээсээр Израиль, Украин хоёр түрэмгий ааш авир гаргаж, террор үйлдсэн он жилүүдэд бид амьдарч байна. Дэлхий дахин энэ байдлыг одоо л нэг ойлгож эхлэв бололтой. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд орчин үеийн Европын ихэнх улсын элит гэгдэж буй хүмүүс бол элит биш (өндөр боловсрол ч үгүй, өргөн мэдлэг ч үгүй, улс төрийн хувьд хэн ч биш, ойворгон, зальхай хүмүүс), ардчиллаар бамбай хийсэн авилгачид, өнгөрсөн зууны нацист, фашистуудын энэ зуун дахь залгамжлагчид нь юм. Хэрэг дээрээ 1933-1945 онд болсон хэрэг, явдал одоо бидний нүдэн дээр давтагдаж байна. Төгсгөл нь энэ удаад яаж гарахаас хүн төрөлхтний ирээдүй маш ихээр хамаарах болно.
XVI, XVII зууны үеэс л Европчууд Хойд Америк, Өмнөд Америк, мөн Австрали тивд, бас Африк, Азид ч түрэмгийлэл үйлдэж, уугуул хүн амыг нь элдвээр дарангуйлсан. Одоо үлдээд байсан ганц бүс нутаг болох Оросыг түрэмгийлэх, эзлэх, хувааж авахыг оролдож байна. Орос бол индейчүүд, негрүүд, аборигенүүд биш шүү дээ!
Европчууд дэлхийн эзэн, өмчлөгч биш! Тэдэнд даруулга хэрэгтэй! Гэхдээ тэднийг дарж байна гээд дэлхийн дайн, цөмийн дайнд хүрч бас болохгүй! Орчин үеийн дайн наад зах нь таван талтай (таван толгойтой мангас) эхэлж, өрнөх болов. Өнөөдрийн Европ дахь дайн гэхэд л улс төр, үзэл суртал, мэдээллийн дайны байдлаар эхэлж, олон технологийн дагуу 30 гаруй жил үргэлжилж байна. Хүмүүсийн түүхийн ухамсрыг хүртэл дайны энэ тал өөрчиллөө. Энэ дайны эдийн засгийн тал нь мөн л 20 гаруй жил элдэв хориг, хязгаарлалтын хэлбэрээр маш хүчтэй, их хөнөөлтэй өрнөлөө. Фронтын хил шугамгүйгээр өрнөх энэ дайн бараг улс орон нэг бүрийг хохироолоо. Энд тэнд тохиолдсоор байгаа өлсгөлөнд ч нөлөөллөө. Сүүлийн жилүүдийн энэ дайны нэг тал нь террор болж хүчтэй өрнөж эхэллээ. Яг фронтын шугам дээрх тулалдаантай адилтгахуйц үхэл, хохирол дагуулсан террорыг фронтын гүн ар талд үйлдэж, жирийн иргэдийг цэргийн хүчтэй зэвсгээр хөнөөж гэмт хэрэг хийцгээх болов. Цэрэг дайны ямар ч холбогдолгүй сургууль, цэцэрлэг, оюутны байр, орон сууц мэтийг бөмбөгдөх нь гэмт хэрэг шүү дээ. Дайны энэ олон тал, энэ олон фронт жирийн иргэдийг төөрөлдүүлж, амь насыг нь хохироож, ядууруулж, дүрвэгсэд болгож, харин элитүүдийг нь тэрбумтан болгон хувиргаж байна. Баяжих арга зам нь дайн болчихсон учраас энэ дайныг зогсоох сонирхол ЕХ, НАТО-гийн гишүүн орнуудын элитүүдэд ер алга.
АНУ-ын хувьд англичууд ямагт л шахам тэргүүн холбоотон нь, мөн гол өрсөлдөгч байсан. Гэхдээ Латин Америк дахь (Панамын суваг г.м) Их Британы гарыг мухарлах ажлыг АНУ л удирдаж хийсэн. Мөн Ойрх Дорнод дахь нефтний нөөцөөс ч тэднийг АНУ л хөндийрүүлсэн.
Их Британи, АНУ хоёрын холбоо, хамаарлыг одоо ч гэсэн олон янзаар тайлбарлаж болох юм. Гишүүн орнуудаасаа ЕХ татаж төвлөрүүлсэн их хөрөнгө, Украинд өгч буй их хөрөнгө мэтээс Их Британи орлого олох боломжийг л англичууд шохоорхож энэ дайны гал дээр тос нэмсээр буй нь ойлгомжтой. Зөвхөн л ашиг, орлого хардаг, заримдаа нэр нүүрээ ч бардаг тэдний ааш авирыг хүмүүс одоо л сайн ойлгох болсон юм. Мөн тиймэрхүү далд санаархал Франц, Германд, Польшид ч буй. Тэдний бурангуй санаархлын хөлд Украин бүх талаар үрэгдэж, чирэгдсээр байна. ЕХ-ны зонхилох хэдэн орны элитүүд гэгдэх болчимгүй хүмүүс мөн ч их алдаа гаргаж, ард түмнүүдээ мөн ч ихээр хохироож, нэр хүндээ шавартай хутгаж гүйцээд байна. Нэг хэсэг нь цэргийн гэмт хэрэгтэн ч боллоо. Орчин үеийн дайны удаах нэгэн чухал тал нь сансарт байрлаж буй олон зуун хиймэл дагуулын тусламжтайгаар хийж буй тагнуулын мэдээ, зураг, хөнөөх асар их хүчтэй пуужингуудыг байнд нь хүргэж залуурдах нууц үйлчилгээ (өндөр үнэ өртгөтэй) болчихожээ. Зэвсгээ өндөр үнээр зараад, яаж ашиглахыг төлөөлөгчдөөрөө дамжуулан зааварчлаад, эцэст нь байнд хүргэх ажиллагааг нь холоос удирдах бол шууд оролцоо, дайсангал юм. Дайны энэ талын хэрэгжих технологи улам нарийсаж байна. “Хүн төрөлхтөний гар дээр байгаа алтны нөөцийг, мөн нефть, шатахууны нөөцийг гартаа төвлөрүүлчих юм бол таван тив, дөрвөн далай, 200 гаруй улс орон бидний л гарыг харж, бидэнд л үйлчилж амьдрах болно” гэх байр суурь, үзэл санаа өнөөдөр далд, нууц оршиж буй нь ч үнэн бололтой. Ийм байр суурь, үзэл санааг зорилгоо болгосон субъектүүдтэй дэлхий нийтээрээ л эс тэмцвээс тэд ухрахгүй байх шүү!
Судлаач профессор Д.Чулуунжав
Мягмар - 10 сарын 20,
2026
Сэтгэгдэл2
Чулуунжав абугайд эмийг нь уулгаа,,,,,солиороод эхэллээ,,,,
АНУ-ын ноходоор ажилладаг монголчууд аа, та нарын шагнал болох ногоон карт чинь гарахаа больсон, лав Трампын үед та нар Монголд байх болно.