sonin.mn

Барилгын салбарт орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг “Мөрөн бетон” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Х.Батбаярыг “Зууны мэдээ” сонины “Бизнес хөгжил” буландаа урьж ярилцлаа.


-“Мөрөн бетон” компани хэзээ байгуулагдав. Үйл ажиллагааныхаа талаар танилцуулна уу?


-Манай компани 2017 онд Хөвсгөл аймагт байгуулагдсан. Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг бөгөөд элс, хайрга олборлох, бутлан ангилах, бетон зуурмаг, дулаалгын хөөсөнцөр хавтан, вакум цонх, явган замын болон сангийн төрөл бүрийн хавтан үйлдвэрлэдэг. Өдгөө ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Би Хөвсгөл аймгийн унаган хүүхэд. Улаанбаатар хотод энэ чиглэлээр ажиллаж байгаад 2016 оноос төрж өссөн нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулахаар ирсэн. Судалгаа хийхэд манай аймагт стандартын шаардлага хангасан барилгын материалын үйлдвэр бараг байгаагүй. Тиймээс нутаг орноо хөгжүүлэх зорилгоор компаниа байгуулахаар шийдсэн юм.


-Танай компанийг байгуулах үед Хөвсгөл аймгийн барилгын материалын үйлдвэрлэлийн нөхцөл ямар байсан бэ?


-Тухайн үед стандартын шаардлага хангасан бетон зуурмагийн болон элс, хайрга бутлан ангилах үйлдвэр байгаагүй. Хүмүүс Дэлгэрмөрөн голын сав газраас элс, хайргыг боловсруулалтгүй олборлож, стандартын шаардлага хангаагүй түүхий эдээр үйлдвэрлэл явуулдаг байлаа. Үүнээс шалтгаалан барилгын материалын чанарт асуудал үүсдэг байсан. Тиймээс бид шинжлэх ухаан, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, барилгын материалын чанарыг сайжруулах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.


-Өнгөрсөн хугацаанд танай компани орон нутгийн барилгын салбарт ямар өөрчлөлт авчирсан бэ?


-Манай үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт стандартын шаардлага хангасан барилгын материал ашиглах боломж нэмэгдсэн. Орон сууц, сургууль, цэцэрлэг зэрэг барилга байгууламжийн чанарт хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг. Манайх 30 гаруй ажилтантай. Мөн 2019 онд найман айлын хоёр орон сууц, 2023 онд үйлчилгээний төвтэй, 14 давхар, 70 айлын орон сууц ашиглалтад оруулсан.


-Цаашид ямар төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?


-Бид “Модуль хаус” буюу модульчлагдсан амины орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр тоног төхөөрөмжөө оруулж байна. Сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжтой, ногоон зээлийн шаардлагад нийцсэн уг төслийг ирэх жилээс эхлүүлэхээр төлөвлөсөн.


-Мөрөн хотын агаарын бохирдлыг бууруулахад танай төсөл хэрхэн хувь нэмэр оруулах вэ?


-Мөрөн хотын 13-14 мянган өрхийн 80-90 хувь нь гэр хороололд амьдардаг. Өвөл түүхий нүүрс түлдэг учраас агаарын бохирдол ихэсч, иргэдийн, ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс иргэдийг эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй орон сууцаар хангаж, амьдрах орчныг сайжруулахыг зорьж байна.


-Стандартын шаардлага хангасан үйлдвэрлэл явуулснаар бүтээгдэхүүний чанар, өртөг зардалд ямар өөрчлөлт гарч байна. Мөн Дэлгэрмөрөн голын сав газрыг хамгаалахад хэрхэн хувь нэмэр оруулж байна вэ?


-Бид түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль, журмын дагуу олборлож, боловсруулдаг. Энэ нь байгаль орчныг хамгаалахаас гадна барилгын чанар, ашиглалтын хугацаанд эерэг нөлөөтэй. Харин Улаанбаатар, Хөтөл зэрэг газраас цемент болон бусад түүхий эдээ татдаг учраас тээвэрлэлтийн зардал өндөр гардаг. Гэхдээ хамгийн чухал нь чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.


-Танайхтай ижил технологи ашигладаг үйлдвэр орон нутагт бий юу?


-Сүүлийн гурван, дөрвөн жилд зах зээлийн өсөлттэй холбоотойгоор хоёр, гурван үйлдвэр шинээр байгуулагдсан. Манай компани дангаараа зах зээлийн хэрэгцээг хангах боломжгүй учраас бусад үйлдвэрүүд ч хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нь чухал.


-Бүтээгдэхүүнийхээ чанарыг хэрхэн баталгаажуулдаг вэ?

-Бид элс, хайрганы чанарын шинжилгээ, үнэлгээг жил бүр хийлгэж, тохирлын гэрчилгээ авдаг. Ингэснээр бүтээгдэхүүнээ Монгол Улсын стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж байна.


-Хөвсгөл аймаг цэвдэгтэй бүсэд оршдог. Танай компани өндөр давхар барилга барихдаа хөрсний онцлогийг хэрхэн тооцож, ямар технологи ашиглаж байна вэ?


-Урьд нь Мөрөн хотод цэвдэг ихтэй учраас гурван давхраас дээш барилга барих боломжгүй гэсэн ойлголт түгээмэл байсан. Бид энэ асуудлыг холбогдох байгууллагуудаар судлуулж, дүгнэлт гаргуулсан. Үүний үндсэн дээр манай аймагт 17 давхар хүртэл барилга барnх боломжтой гэж үзсэн. Тиймээс сүүлийн жилүүдэд өндөр барилгууд баригдаж байна.


-Орон сууцны эрэлт хэрэгцээ, иргэдийн амьдрах орчны талаарх хүсэл сонирхлыг хэрхэн харгалзаж байна вэ?


-2019 онд анх орон сууц барьж эхлэхэд хүмүүсийн байр худалдан авах сонирхол харьцангуй бага, гэр хороололдоо амьдрахыг илүүд үздэг байсан. Харин төвлөрсөн дулаан, халуун устай, тохилог орчинд амьдрахын давуу талыг ойлгосноор орон сууцны эрэлт нэмэгдсэн. Гэхдээ орон сууцанд амьдрахад орчны зохион байгуулалт, хөршүүдийн соёл чухал. Автомашины зогсоол, орц гарц, хог хаягдал, дуу чимээ зэрэг асуудлаас шалтгаалан зарим хүн амины орон сууцанд амьдрахыг илүүд үзэх болсон. Тиймээс бид ирэх жилээс тохилог, эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай амины орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


-Мөрөн хотод цэвдэгтэй холбоотойгоор өндөр барилга барих боломж хязгаарлагдмал гэж үздэг байсан. Энэ нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна вэ?


-Урьд нь Мөрөн хотод цэвдэг ихтэй учраас гурван давхраас дээш барилга барих боломжгүй гэсэн ойлголт түгээмэл байсан. Харин холбогдох байгууллагуудаар судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр 17 давхар хүртэл барилга барих боломжтой гэж үзсэн. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд өндөр барилгууд баригдаж байна.


-Өндөр барилгаас гадна иргэдийн амьдрах орчин, хэрэгцээ шаардлагыг хэрхэн харгалзан үзэж байна вэ?


-2019 онд анх орон сууц барьж эхлэхэд иргэдийн сонирхол харьцангуй бага, гэр хороололдоо амьдрахыг илүүд үздэг байлаа. Харин төвлөрсөн дулаан хангамж, халуун ус, тохилог орчны давуу талыг ойлгосноор орон сууцны эрэлт нэмэгдсэн. Гэхдээ орон сууцанд амьдрахад зогсоол, хог хаягдал, дуу чимээ зэрэг асуудал бий. Тиймээс иргэдийн хэрэгцээнд нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай амины орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна.


-Та барилгын салбарын мэргэжилтэн үү. Орон нутагтаа ажиллах болсон түүхээсээ хуваалцана уу?


-Би хуулийн мэргэжилтэй. 1987 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байсан. 2000-аад оны сүүлээр нутагтаа ирэхэд Хөвсгөл аймгийн хөгжил, бүтээн байгуулалт бусад аймагтай харьцуулахад удаан байгааг анзаарсан. Тиймээс найзуудтайгаа төрийн бус байгууллага байгуулж, хүмүүнлэгийн ажил хийж эхэлсэн. Улмаар төрж өссөн нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулахаар ирж ажиллаад арав орчим жил болж байна.


-Цаашид Мөрөн хотын хөгжил, барилгын салбарын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Мөрөн хотын хүн ам нэмэгдэж, тохилог орон сууцны хэрэгцээ өсөж байна. Гэвч орон сууцны нэг ам метр талбайн үнэ дөрвөн сая төгрөгөөс давсан нь залуу гэр бүлүүдэд өндөр өртөгтэй тусдаг. Тиймээс боломжийн үнэтэй, дулаан алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны шийдэл хэрэгтэй байна. Би БНХАУ-д модульчлагдсан орон сууцны технологи судалж, ирэх жилээс төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид барилгын компаниудтай хамтран Мөрөн хотыг байгальд ээлтэй, цэвэр, тохилог хот болгохыг зорьж байна. Ингэснээр агаар, хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн, ялангуяа хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр оруулна гэж боддог.

Мөн орон нутгийн барилгын компа­ниуд хөрөнгө санхүү, техник тоног төхөөрөмж, мэргэжлийн ур чадвараа нэгтгэн хамтран ажиллах нь чухал. Ингэснээр томоохон төслүүдийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой. Залуучууддаа ч мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагаагаа хөг­жүүлэхийг уриалдаг. Эцэст нь барилгын салбарын нийт хамт олондоо сал­барын 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажил үйлсэд нь амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


-Танай компанийн ойрын болон хэтийн зорилго юу вэ?


-Хөвсгөл аймаг 130-140 мянган хүн амтай, Мөрөн хот жилээс жилд өргөжин тэлж байна. Үүнийг дагаад иргэд, ялангуяа залуучуудын тохилог, тав тухтай орчинд амьдрах хэрэгцээ нэмэгдэж байгаа ч орон сууцны үнэ өндөр байна. Өнөөдөр манай аймагт орон сууцны нэг ам метр талбайн үнэ дөрвөн сая төгрөгөөс давсан учраас хүн бүр худалдан авах боломжгүй. Тиймээс бид боломжийн үнэтэй, дулаан алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй, дотроо халуун ус, ариун цэврийн өрөөтэй амины орон сууцны цогцолбор байгуулахыг зорьж байна. Одоогоор манай аймагт ийм төрлийн хаус хороолол байхгүй. Модульчлагдсан орон сууц буюу “Модул хаус”-ны технологи туршлагыг Мөрөн хотдоо хэрэгжүүлэхээр зураг төслийг боловсруулж байна. Ирэх жилээс төслөө эхлүүлж, цаашид барилгын салбарын бусад компанитай хамтран томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Манай компанийн алсын хараа Мөрөн хотыг байгальд ээлтэй, цэвэр, утаагүй хот болгоход хувь нэмрээ оруулах юм. Утаа, хөрсний бохирдлыг бууруулснаар иргэдийн, ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж, ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй орчин үлдээхийг хүсэж байна.



Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин