sonin.mn

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи аравдугаар сарын 17-нд Ясукуни сүмийн намрын баярыг тохиолдуулан ёслолын өргөл илгээж, тус улсын Засгийн газрын сайд Минорү Киүчи сүмд биечлэн очсон нь Хятад, Өмнөд Солонгосын шүүмжлэлийг дагуулав.


Үүнтэй холбогдуулан Хятадын Төв радио, телевизийн (CMG) харьяа CGTN сувгаас явуулсан олон улсын цахим санал асуулгад оролцогчдын 90.71 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ясукуни сүмийг “дайны гэмт хэрэгтнүүдийн сүм” хэмээн нэрлэж, Японы милитаризм дахин сэргэж болзошгүй эрсдэлийг анхааруулах ёстой гэж үзжээ.


Ясукуни сүмд Японы дайнд амь үрэгдсэн 2.4 сая гаруй хүний дурсгалыг хүндэтгэдэг бөгөөд тэдний дунд Дэлхийн хоёрдугаар дайны дараа А зэрэглэлийн дайны гэмт хэрэгтнээр ял шийтгүүлсэн 14 хүн багтдаг. Иймээс Японы төрийн өндөр албан тушаалтнууд тус сүмд зочлох, өргөл илгээх нь хөрш орнуудтайгаа дипломат маргаан үүсгэх шалтгаан болсоор иржээ.


CGTN-ийн санал асуулгад оролцогчдын 88.53 хувь нь Японы улс төрчдийн дээрх үйлдлийг өнгөрсөн үеийн түрэмгийллийн түүхийг цагаатгах оролдлого гэж үзсэн бол 87.38 хувь нь Японы милитаризмын хохирогч болсон хөрш орнуудын ард түмний сэтгэлийг шархлуулж байна гэж хариулсан байна.


Мөн оролцогчдын 87.92 хувь нь Японы нийгэмд түүхийг гуйвуулсан үзэл санаа түгэх нь ялангуяа залуу үеийнхний түүхийн талаарх ойлголтод сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзжээ.


Сүүлийн жилүүдэд Япон улс батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлж, зэвсгийн экспортын хязгаарлалтаа сулруулах, пуужингийн хүчин чадлаа өргөжүүлэх бодлого баримталж байна. Түүнчлэн цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц ашиглах боломжийг судлах асуудлыг үндэсний аюулгүй байдлын бодлогын баримт бичгүүдийн шинэчлэлийн хүрээнд хэлэлцэж байгаа юм.


Эдгээр өөрчлөлттэй холбогдуулан судалгаанд оролцогчдын 84.13 хувь нь Японы бодлого Зүүн Азийн аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэж үзсэн бол 79.89 хувь нь милитаризмын шинэ хэлбэр сэргэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Харин 73.37 хувь нь Япон улс өнгөрсөн үеийн түрэмгийллийн түүхэндээ бодитой дүгнэлт хийж, хөрш орнуудынхаа итгэлийг сэргээх шаардлагатай гэж хариулсан байна.


Энэхүү санал асуулгыг CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэл дээрх цахим платформуудаар явуулж, 24 цагийн хугацаанд 7475 хүн оролцжээ. Судалгаа нь цахим хэрэглэгчдийн сайн дурын оролцоонд тулгуурласан тул үр дүн нь дэлхийн нийт хүн амын байр суурийг статистикийн хувьд төлөөлөхгүй юм.


Г.Бямба