
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны долоодугаар сарын 22 /Xinhua/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ болон Энэтхэгийн сансрын судалгааны байгууллага /ISRO/ Дэлхийг тандан судлах хиймэл дагуулыг долоодугаар сарын 30-нд хөөргөхөөр товложээ.
“NASA-ISRO Synthetic Aperture Radar” буюу NISAR хиймэл дагуулыг Энэтхэгийн зүүн өмнөд эрэгт байрлах ISRO-гийн Сатиш Дхаваны нэрэмжит сансрын төвөөс ISRO геосинхрон хөөргөх төхөөрөмжөөр хөөргөх ажээ. Энэхүү төхөөрөмж нь АНУ, Энэтхэгийн сансрын хамтын ажиллагааны шинэ эрин үеийг илтгэн харуулж байна. Энэ оны эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар NISAR-ыг АНУ-Энэтхэгийн сансрын хамтын ажиллагааны эхний жилийн чухал хэсэг хэмээн сайшаасан юм.
NISAR нь дэлхийн ерөнхийдөө бүх хуурай газар, мөсөн гадаргууг 12 хоногт хоёр удаа сканнердах зориулалттай гэж NASA-гаас мэдээлжээ. Мөн хуурай газрын экосистемийн өөрчлөлтийг хянах, мөсөн бүрхүүл, мөсөн гол, далайн мөсний өсөлт, бууралтыг хянах, дэлхийн царцдасын тектоник шилжилтийг хэмжих ажээ. NASA-гийн мэдээлснээр, гамшгийн үед хариу арга хэмжээ авах, дэд бүтцийн хяналт, хөдөө аж ахуйн төлөвлөлт зэрэг олон салбарын хэрэглэгчид хиймэл дагуулын мэдээллийг ашиглах боломжтой ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0