
КИЕВ, 2025 оны долоодугаар сарын 22 /DW/. Украин, Оросын талууд лхагва гарагт дараагийн шатны хэлэлцээг хийнэ гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Истанбул хотноо болсон өмнөх хоёр уулзалтын үеэр гал зогсоох асуудлаар ямар нэгэн чухал ахиц дэвшил гараагүй боловч олзны олон тооны цэргийг солилцохоор тохиролцсон юм.
“Өнөөдөр би (Украины Батлан хамгаалахын сайд) Рустем Умеровтой олзлогдсон цэргүүдийг солилцохтой холбоотой бэлтгэл ажил болон Оросын талтай Туркт хийх өөр нэг уулзалтын талаар хэлэлцлээ. Умеров уулзалтыг лхагва гарагт хийхээр товлосон гэж мэдээлсэн. Энэ талаар маргааш дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэж В.Зеленский өдөр тутам хийдэг мэдэгдлийнхээ үеэр хэлжээ.
Өнгөрсөн ням гарагт В.Зеленский шууд хэлэлцээний шинэ үе шатыг эхлүүлэхийг Оросын талд санал болгосон юм. Харин даваа гаргийн өглөө Москва хариу мэдэгдэл хийхдээ, Орос улс яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байгаа, гэхдээ хоёр талын “байр суурь тэс өөр” хэвээр байгаа тул хэлэлцээ эхлэхийн өмнө олон чухал ажлыг хийх шаардлагатай гэж онцолсон байна.
Лхагва гарагт хэлэлцээ хийнэ гэдгийг батлахаасаа өмнө В.Зеленский гал зогсоох асуудлаарх нарийвчилсан хэлэлцээ нь уулзалтын үеэр хэлэлцэх асуудлын жагсаалтад багтахгүй хэмээн хэлсэн байна.
Гэхдээ удахгүй болох уулзалтаар олзлогдсон цэргүүдийг солилцох, Украинаас Орост хулгайлагдсан хүүхдүүдийг эх оронд нь буцаан авчрах асуудлыг хэлэлцэхээс гадна В.Зеленский, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтыг зохион байгуулах суурийг тавих ажээ. 2022 онд довтолж эхэлснээсээ хойш хууль бусаар эзэлсэн газар нутгаа өгөхийг Москвагийн тал Украинаас шаардаж байгаа бол Киевийн зүгээс Оросыг дайралтаа зогсоож, НАТО-д элсэх Украины хүсэл эрмэлзлийг хүндэтгэхийг шаардаж байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,,путин ХУЙЛО,,,
Маш ойлгомжгүй бнаа ! Москвагийн тал эзэлсэн газар нутгаа буцааж өгөхийг Украйнаас шаарда в гэнэ үү ? Москва чинь өөрсдөө л Украйны нут гаас булаан эзэлчээд бгаа биз дээ ?!