
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар байнгын хорооны гишүүдийн асуултад хариулахдаа ард түмний амьдралд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдэхэд цомхон бүтэцтэй ажиллах талаар, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх тухай, элдэв тоо хэлж, ард иргэдэд хүлээлт үүсгэхгүй, ярьдаг бус үнэнтэй нүүр тулж ажиллана гэх зэрэг ард түмний хүсэл таашаалд нийцсэн хариултуудыг өгч чадлаа. Гагцхүү энэхүү амлалтаа хийж хэрэгжүүлэх туршлага, зангараг Г.Занданшатарт байгаа эсэхийг ирээдүйгээс бус өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаас нь энэ цагт дүгнэж, хэлэлцэх нь зөв болов уу.
Монгол Улсад гүйцэтгэх засаглалын тэргүүн хэн байхаас шалтгаалан улс орны хөгжлийн чиг хандлага буюу улс төр нийгмийн томоохон шийдлүүд тодорхойлогддог болжээ. Тийм ч учраас олон түмний санал бодлыг сонсдог, мэдрэмжтэй, иргэдээ дээдэлдэг зарчмыг тэргүүн зэрэгт эрэмбэлдэг бол улс төрч хүний маш чухал имиж болжээ. Харин Г.Занданшатар энэ шалгуурт хэр нийцэлтэй вэ, тэр ард түмний талд зогсож чадах уу.
Г.Занданшатар Монгол Улсын ардчилал мухардаж, ардчилал нэрээр дарангуйллын хэв шинж гаарч байсан 10 гаруй жилийн өмнө зөвлөлдөх ардчиллын зарчмыг шийдвэр гаргах төвшинд хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон. Тийм ч учраас тухайн үеийн улс төрийн хүчнүүд нэг дуугаар хүлээн зөвшөөрч Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталж байсан. Тэр цагаас хойш зөвлөлдөх ардчиллын зарчмаар асуудал шийдэгддэг жишиг тогтсон. Энэ бол түүний хийсэн том гавьяа.
Улмаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ Төрийн ордонд 1000 гаруй иргэдийг оролцуулсан “Зөвлөлдөж шийдье” санал асуулгыг зохион байгуулсан. Энэ санал асуулгаас эрх зүйн шинэтгэлийг хийх эхлэл тавигдсан. Энэ бол түүхэн үйл явдал байсан гэдэгтэй хэн ч маргахгүй.
Энэхүү үйл явдлыг ард түмний засаглах эрхийг ардчиллын түүхийн 30 жилд анх удаа хангасан хэмээн үздэг.
Г.Занданшатар зөвлөлдөх ардчиллаас улбаалан УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа Нийтийн санал асуулгын тухай хуулийг санаачлан баталж, нийгмийн бухимдлыг төрүүлсэн асуудлуудаар нотлох баримтын нээлттэй сонсгол зохион байгуулсан. Тухайлбал, нүүрсний хулгайг илчилсэн, Хөгжлийн банкны луйврыг нотлох баримтаар баталгаажуулсан, чанаргүй эмийн бизнесийг ухсан зэрэг сонсголыг зохион байгуулсан нь ард түмний шударга ёсны хүсэмжлэлд нийцэж, гэм буруутай этгээдүүд нийгмийн өмнө илчлэгдсэн.
Мөн ард иргэдийн саналыг хууль тогтоох үйл ажиллагаанд оролцуулахын тулд d- parliament платформыг санаачилсан. Мөн л ард иргэдийн саналаар Хөрөнгө оруулалтын тухай хуулиас эхлээд олон хуулийн төсөлд иргэдийн санал бодол тусгалаа олсон.
Олныг тоочих бус дорвитой хэдэн жишээгээр Г.Занданшатарын ардчиллын төгөлдөршлийн чиг хандлага бол ард иргэдийн санал бодол гэдгийг нэгдүгээрт эрэмбэлж чадсан хэмээн үнэлж байна. Харин одоо Гүйцэтгэх засаглалд түүнийг ард түмний үзэл бодол байр суурийг ямар аргаар оруулж ирэхийг хүлээх л үлдлээ.
Гүйцэтгэх засаглалд зөвлөлдөх ардчиллын зарчмыг Г.Занданшатар хэрхэн хэрэгжүүлэхээс шалтгаалан мөн л Монголын ардчилалд шинэ салхи үлээх болов уу хэмээн итгэж байна.
Хамгийн наад зах нь талбайд жагсах иргэд, сошиалаар бухимдан хашгирагчид, төрийн ордын хаалга балбан тэмцэгчдийн тоо цөөрөөсэй.
Мөн хөгжлийн томоохон төслүүд гэх хөрөнгө оруулалтуудын үр шимийг удаан хүлээх хүсэл ард түмэнд алга гэдгийг эрхбиш тэрбээр мэдэж буй биз.
Сэтгэгдэл0