sonin.mn

СТОКХОЛЬМ, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Kazinform/. Тослог ихтэй сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь тэнэгрэх буюу оюуны ерөнхий чадамж доройтох өвчин, тэр дундаа Альцгеймерийн эмгэг тусах эрсдэлийг бууруулдаг болохыг Швед улсад 25 жилийн турш 28 мянга орчим хүнийг хамруулан явуулсан өргөн хүрээний судалгаагаар тогтоожээ.


Судлаачид насанд хүрсэн 27 670 хүнийг дунд наснаас нь эхлэн өтлөх хүртэл нь ажиглажээ. Энэ хугацаанд тэнэгрэх өвчний 3208 тохиолдол бүртгэгдсэн байна. Тослог ихтэй бяслаг, цөцгий тогтмол хэрэглэдэг хүмүүсийн дунд тэнэгрэх өвчин ховор тохиолдож байсан хэдий ч бүх хүнд адилгүй байсныг судалгаа харуулжээ.



Судалгаагаар Альцгеймер тусах магадлалыг нэмэгдүүлдэг генийн хүчин зүйл илрээгүй хүмүүсийн дунд өдөрт 50 граммаас дээш тослог ихтэй бяслаг хэрэглэдэг хүмүүс бяслаг огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад уг өвчнөөр өвчлөх магадлал нь 13-17 хувиар бага байжээ. Харин Альцгеймерийн эрсдэлийг нэмэгдүүлдэг "APOE e4" генийн хувилбартай хүмүүст бяслагийн хэрэглээ онцгой нөлөө үзүүлээгүй байна.


Мөн өдөрт 20 граммаас дээш тослог цөцгий хэрэглэдэг хүмүүсийн тэнэгрэх эрсдэл ерөнхийдөө 16-24 хувиар бага байсан аж. Харин тослог багатай бяслаг, сүү, тараг болон бусад исгэсэн бүтээгдэхүүний хэрэглээ болон уг өвчний эрсдэл хооронд тодорхой уялдаа ажиглагдаагүй байна. 


Гэхдээ эрдэмтэд бяслаг, цөцгий нь тархийг шууд хамгаалдаг гэж дүгнэхэд эрт байгааг санууллаа. Учир нь судалгаанд хамрагдсан тослог сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчид нь ихэвчлэн өндөр боловсролтой, илүүдэл жингүй, зүрх судасны өвчингүй мөн чихрийн шижингийн хувь багатай байсан нь тархины эрүүл мэндэд нөлөөлсөн байх магадлалтай ажээ. Аливаа нэг төрлийн бүтээгдэхүүнээс илүүтэйгээр амьдралын зөв хэв маягийг дагаж, зөв хооллох нь тархины эрүүл мэндэд хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. 




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг