sonin.mn

Нийтийн тээвэр өмнө нь нийтийнх байгаагүй юм уу гэж уншигч та бодож байж болох юм. Өмнө нь нэршил нь л нийтийнх болохоос асуудал нь нийтийнх байсан юм. Эмээгийн амбаар шиг эвдэрхий автобусанд чихэлдэн, түгжирч явах нь бидний заяа байлаа. Асуудал ихтэй ч смарт карттай байлаа. Смарт карттай байсан ч жолоочид бэлэн мөнгө атгуулж, эсвэл туулайчилж явахаас өөр сонголтгүй байлаа. Байлаа гээд байгаа нь цаанаа учиртай. Бага ч атугай эдгээр асуудал шийдэгдчихсэн учраас тэр. Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.1 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар уг орлого 12.8 тэрбум төгрөг болж, нийт 2.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Түүгээр ч үл барам 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт зорчилтын тоо 47,1 сая байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт зорчилтын тоо 52,8 сая болж өссөн байна. Нэг ёсондоо ердөө жилийн дотор зорчих иргэдийн тоо 5.7 сая нэмэгдсэн гэсэн үг. Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.1 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 24 тэрбум гаруй төгрөг бүрдсэн үзүүлэлттэй байна. Ингэснээр дөрвөн сарын хугацаанд гэхэд нийтийн тээврийн зорчилтын нийт орлого 14 тэрбум төгрөгөөр өсжээ.

Шийдлээ хүлээсэн олон асуудлыг шийдээд байгаа болохоор зорчих иргэдийн тоо, түүнээс олох орлого нэмэгдсэн гэдгийг дээрх хэдэн тооноос харж болохоор байна.


Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшиж байсан бол тавдугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын “Ти мони” ХК-тай хэлэлцээр хийж, 55 хувийн хувьцааг шилжүүлэн авах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдсэн юм. Энэ эхний шалтгаан. 


Удаах шалтгаан нь эрх зүйн баримт бичиг. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны арванхоёрдугаар сард баталж, уг хуулийн 7 дугаар зүйлд нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг оруулж баталсан байдаг. Улмаар сангийн үйл ажиллагаа, хөрөнгө зохицуулалт тодорхой болж, Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 он 31 угсраа автобус, энэ онд 10 том оврын автобусыг худалдан авч, үйлчилгээнд явуулсан юм.

Дараагийн шалтгаан нь парк шинэчлэл. “Юутонг”-ийн саарал автобусыг ердөө хоёр сарын хугацаанд 600 ширхгийг авчирч нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн. Үр дүнгүй маршрут, чиглэл давхардал, хувийн байгууллагуудад чиглэл оноодог байсныг таслан зогсоож чаджээ. 2023 онд 900 автобус үйлчилгээнд гарч байсан бол 2024 оны намар 1200 автобус үйлчилгээнд гарч байна. Үр дүнд нь нийтийн тээврийн машин цагийн зардлыг 20 тэрбум төгрөгөөр хэмнэжээ.


Отголох шалтгаан нь жолоочийн цалин нэмэгдсэн явдал. Нийтийн тээврийн жолоочдын цалин нэмэгдэж 1000 ам.долларт хүрсэн. Ачаалал, гүйцэтгэлээсээ шалтгаалаад 5-6 сая төгрөг авч байгаа жолооч нар ч бий. Энэ нь нийтийн тээврийн шинэчлэлийг механик шинэчлэл гэхээс илүү системтэйгээр, цогцоор харсны гавьяа. 


Нийтийн тээвэр шинэчлэхээ хүрвэл нэг жилийн дотор шинэчилж болдог юм байна. Үүнийг Х.Нямбаатар харуулж чадлаа. Алдаа, оноотой энэ салбар шинэчлэгдэх өнгөн дээрээ ирлээ. Нийтийн тээврийг удахгүй автобус гэж харахаа болино. Дүүжин тээвэр, трамвай, метро гээд илүү олон төрлөөр хардаг болно. Энэ чинь л мега хотын өнгө төрх биш гэж үү. 

Ердөө жилийн өмнө нийтийн тээвэр парк шинэчлэгдэж, автобусны тоо нэмэгдэн, орлого нь 14 тэрбумаар өсөж, нийтийн тээврийн жолооч нарын цалин 1000 ам.долларт хүрнэ гэсэн бол хэчнээн хүн итгэх байсан бол...


Г.Сэлэнгэ