sonin.mn

Хэрэв Х.Нямбаатар өнөөдөр улс төрийнхөө карьертай байж байгаа бол Ерөнхий сайд огцрох эсэх асуудал ярьж байгаа энэ үед дараагийн Ерөнхий сайдад дээгүүр эрэмбэтэй яригдаж байх улстөрч. Гэтэл эмх замбараагүй, эх толгойгүй хотын ажилтай зууралдаж, хэл амны бай болж явааг хачирхах хүмүүс цөөнгүй. Тэр тусмаа мафийн сүлжээ 30 жил ноёрхсон энэ нийслэлийн ажлыг хууль ёсны дагуу удирдах тэнэгдүү зориг түүнээс л гарлаа.


Үе үеийн хотын дарга нар мафитайгаа нийлж идчихээд дээшээ дэвшээд явчихдаг нь нууц биш. Хотын даргын суудал бол улс төрийнхөө карьерыг дээшлүүлэх нэг алхмаа болгодог төдий зүйл байв.


Ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойших 35 жилд хотын даргар Х.Нямбаатар хүртэл 13 хүн ажилласан байдаг. Ардчиллын анхны дарга Б.Энэбиш УИХ-ын дарга болтол дэвшиж ажилласан. М.Энхболд Ерөнхий сайд, УИХ-ын дарга болтол дэвшсэн гээд одоогийн УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан хүртэл бүгд л хотын даргын суудлаар дамжин өндөрт гарсан байдаг. Гэтэл Х.Нямбаатар эсрэгээр нь явж, “Хотын мафи”-тай тэмцэн, нийслэлд байгаа зөвшөөрөлгүй барилга байгууламжийг нураах, хууль бус бусдын эзэмшилд байсан барилга объектыг нийслэлийн өмчид бүртгэх, бусдын эзэмшилд хууль бус байсан газрыг нийслэлд авахаас эхлээд улстөрчийн карьер бүү хэл амь насандаа ч халтай ажлыг эхлүүлсэн нь тун амжилттай байна. Ийнхүү хотын даргын ажлаа “Хотын мафи”-тай тэмцэж эхлүүлсэн Х.Нямбаатар нийслэлийн хэмжээнд 24 мега төсөл хэрэгжүүлэхээр гадна, дотнын хөрөнгө оруулалт татчихсан, зарим төсөл нь тун ч амжилттай явна. Эдгээр 24 төсөл бүгд нийслэлийн төвлөрлийг сааруулах, нийслэлд ашиг орлого олох гээд нэн шаардлагатай төслүүд. Үүнээс нийслэлийг орон сууцжуулах хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Ханын материалыг орон сууцжуулах ажил өрнөж эхэлсэн.


Одоогийн байдлаар ирэх зургаадугаар сард гэхэд Сэлбэ дэд бүтэц буюу Ногоон нуурын орон сууцны хорооллыг ашиглалтад өгөхөд бэлэн болсон гээд түүнд хийж хэрэгжүүлж эхэлсэн төдийгүй үр дүнг нь үзэж байгаа ажлууд ч цөөнгүй байна.


Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал ярихаар хотын дарга Х.Нямбаатарыг огцруулна гэж байгаагийн цаана нийслэл хот нэрээр идэж ууж сурсан улс төр, бизнес бүлэглэлийнхэн байгааг нуух юун. Тэдэнд хотын даргын олон талт тэмцэл нь гай болж, хууль бус бизнес нь зогссон учраас олон талаар оролдож эхлээд байгаагийн нэгээхэн жишээ энэ. Тэгээд ч улс төрийн өндөр карьер дээрээс уруудаж, хотын дарга болсон хүн гүрийж байж л энэ бүхний ар талд гарна. Энэ бүхнийг бүрэн цэвэрлэхэд өдгөө бүрэн эрхийн хугацаа ч багадна. Тэгэхээр Х.Нямбаатарыг юун огцруулах, бүр дахин сонгож байж нийслэлийг базаж асан улс төр, бизнес бүлэглэлийн бохир гараас нэг мөр салгаж авах хэрэгтэй.