sonin.mn

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор хүүхдийн бөөрний мэс засалч, клиникийн профессор Г.Эрдэнэцэцэгийг урьж ярилцлаа. Тэрээр Монгол Улсын Анагаах ухааны дээд сургуулийг 1984 онд “Хүүхдийн их эмч" мэргэжлээр төгсөж, 1998 онд Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан. 1984-2006 оны хооронд Монгол Улс болон ОХУ, АНУ, Австрали, Япон, Энэтхэг зэрэг улсуудад мэс засал, хүүхдийн бөөрний мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлэн, эмнэлзүйн тусламж үйлчилгээ болон академик судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгэжээ. Мөн энэ онд “Хагас зууны замнал (1956-2006)” номоо хэвлүүлээд байна.

 

-Ярилцлагаа Монголын хүүхдийн бөөрний мэс заслын түүх болон таны “Хагас зууны замнал” номоор эхэлье?


-Энэхүү номыг Монголын хүүхдийн бөөрний мэс заслын алба, эмнэлзүйн практикийн үүсэл, хөгжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, эл салбарын суурийг тавьсан эрхэм хүндэт багш, эмч нарынхаа гэгээн дурсгалд хүндэтгэлтэйгээр зориулсан юм. 1930-аад оны үеэс Ц.Сэржмядаг, А.Б.Гольдман тэргүүтэй хүүхдийн эмчилгээний тасгийн анхны эмч нар орчин цагийн анагаах ухаан суурьтай хүүхдийн тусламж үйлчилгээний эхлэлийг тавьж, 1956 оноос Ж.Цэрэндулам, М.Цэндмаа эмч нар хүүхдийн мэс заслын суурь тавьсан. Ийнхүү 1963 оноос эхлэн хүүхдийн бөөр, шээсний замын мэс заслын тусламж нь хүүхдийн ерөнхий мэс заслын албатай хамтран зохион байгуулагдсан. Энэ үед мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, клиникийн удирдагчаар ажиллаж байсан Л. Санжаахүү эмч нь тус салбарын хөгжлийн эх суурийг тавихад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.


Түүний удирдлага дор бөөр, шээс дамжуулах болон бэлэг эрхтний тогтолцооны эмгэгийн оношилгоо, эмчилгээний арга барилуудыг нэвтрүүлж, цаашид бие даасан мэргэжлийн чиглэл болгон хөгжүүлэх үндэс суурь тавигдсан байна.


Энэ үе нь салбарын институцийн болон мэргэжлийн чадавх бүрэлдэн тогтох эхлэл үе байв.

Монголын хүүхдийн бөөрний мэс заслын хөгжлийн эхний 50 жил нь үндэсний хүүхдийн бөөрний мэс заслын мэргэжлийг бүрдүүлж, хүүхдийн бөөрний мэс заслын эмчилгээний загварыг төлөвшүүлэн, орчин үеийн технологийн хөгжлийн суурийг тавьсан түүхэн чухал үе байв. Энэхүү хөгжил нь шаталсан, залгамж чанартай явагдаж, эмнэл зүйн практикийн уялдаа, эрхтэн хадгалах үзэл баримтлалыг бэхжүүлснээр онцлог юм. Иймд хүүхдийн бөөрний мэс заслын албаны эхний 50 жилийн хугацаанд болж өнгөрсөн чухал үйл явдлуудыг тухайн үеийн хэвлэн нийтлэгдсэн материалууд, ажиллаж байсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дурсамжид тулгуурлан нэгтгэн тайлбарласан түүхэн хуудас болгон өргөн барьж байна.


-Тэгвэл та энэ мэргэжлийг хэрхэн сонгож, энэ түүхэн замналын залгамж болж байв?


-Би 1960 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод тээврийн жолооч Чимэдийн гэр бүлд төрж, дөрвөн настайдаа төрсөн ээж Т.Нарангэрэлийн төрсөн эгч Т.Буд ээжийндээ үрчлэгдэж хоёр гэр бүлийн найман дүүгийн зулайг гишгэж төрсөн айлын том охин байлаа.


Дүү нарын минь нэг нь багаасаа өвдөмтгий тул ээж маань түүнийг тэвэрч, хүүхдийн эмнэлэгт үе үе явна. Тэр үед эмч нарыг хараад, "Өвдөж шаналсан, уйлахаас өөрөөр өөрийгөө илэрхийлж чаддаггүй энэ бяцхан хүүхдүүдийг яаж ойлгож, яаж эмчилдэг юм бол?" хэмээн балчирхан зүрхэнд минь чимээгүйхэн асуулт төрдөг байв.


Энэхүү дүр төсөөлөл миний далд ухамсарт гүн хадагдан үлдэж, хожмын мэргэжлийн замыг минь аль хэдийн нээчихсэн байсныг би олон жилийн дараа л ухаарсан юм. Долоодугаар ангидаа ангийн найзуудтайгаа үзсэн кинонд Ардын жүжигчин Л.Жамсранжавын бүтээсэн эмчийн дүр, анагаахын сургууль төгсөөд нутагтаа ирж, сумандаа мэс заслын эмчээр ажиллан, хүнд өвдсөн аавдаа яаралтай хагалгаа хийж буй тэр агшин зүгээр нэг жүжиглэл бус, амьдрал өөрөө мэт мэдрэгдсэн юм. Энэ мэргэжил бол миний амьдралын санамсаргүй сонголт бус олон жилийн турш зүрхэнд минь ассан мөрөөдлийн үр дүн байсан. Шалгалтанд тэнцсэний дараа аав минь миний гар дээр 200 төгрөг тавьж, “Миний охин мэдлэгтэй, сэтгэлтэй, дайчин эмч болоорой” гэж захиад духан дээр үнссэн нь миний амьдралын хамгийн эрхэм үнэт зүйл болон үлдсэн юм.


-Аавын захиасыг хэрхэн биелүүлж, хүүхдийн бөөрний мэс засалд оруулсан өөрийн хувь нэмрээс дурдвал?


-1984-2006 он хүртлэх хугацаанд монголын хүүхдийн мэс заслын салбарт ажилласан он жилүүд надад асар их мэдлэг, ухаан бодол, мэргэжлийн төдийгүй хувь хүний төлөвшлийг авчирсан үнэтэй үе байлаа. Энэ хугацаанд би эмч хүний эрдэм мэдлэгийг гүнзгийрүүлж, дотоод, гадаадын олон сургалтанд хамрагдан, эмнэл зүйн судалгааны ажлын дадлага туршлага хуримтлуулж, хүүхдийн мэс засал, тэр дундаа хүүхдийн бөөрний мэс заслын тусламжийн чанарыг сайжруулах, өвчтөн бүрийн эмчилгээний ойрын болон хожуу үеийн үр дүнг ахиулахын төлөө мэргэжил нэгт нөхөд болон эмнэлгийн бусад мэргэжлийн хамт олонтойгоо тууштай ажилласан.


Энд хүний гавьяат эмч Ж.Цэрэндулам, хүүхдийн бөөрний мэс заслын анхны мэргэжилтнүүдийн нэг Ш.Дамдиндорж, тасгийн эрхлэгч, Хүний гавьяат эмч Л.Санжаахүү, Д.Самбуу, Б.Энхравдан, тухайн үеийн АУДС-ийн хүүхдийн тэнхимийн мэс заслын багш Д.Жамъянжав нарыг дурдахгүй өнгөрөхийн аргагүй.


Энэ хүмүүсийн залгамж болж миний бие 1999-2001, 2003-2004 онд тус албыг хашиж байгаад Энэтхэг улсын Надиад хот руу мэргэжил дээшлүүлэхээр явсан билээ.

Мөн хүүхдийн мэс заслын салбар дахь гадаад харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа Америк, Швейцарь, Австрал, Японы хүүхдийн мэс засалчдын эмнэл зүйн практикийн туршлагыг мэргэжлийн түвшинд нэвтрүүлэх боломж олдсон нь миний хувьд аз завшаан байлаа.


Түүнчлэн Хүүхдийн бөөр, шээс дамжуулах эрхтэн тогтолцооны болон бэлэг эрхтний төрөлхийн гаж хөгжлүүдийг нөхөн сэргээх мэс заслын орчин үеийн арга, технологийн суурийг нутагшуулах үйл хэрэгт биечлэн оролцсон нь миний мэргэжлээрэ бахархах сайхан дурсамжийн салшгүй хэсэг болон үлдсэн.


Түүнчлэн монгол хүүхдийн шээсний чулуужих өвчний асуудал болон бөөр, шээсний замын чулуужих өвчний бүтэц, чулууний тогтоцын онцлог, аммониумын хүчлийн уратын чулууны Монголын туршлага, төрөлхийн шээлүүрийн дутмаг хөгжлийн мэс заслын эмчилгээний асуудалд зэрэг судалгаагаар эрдэм шинжилгээний нэлээдгүй илтгэл хэлэлцүүлсэн байна.


-Тэгвэл хүүхдийн бөөр, шээсний замын мэс заслын дэлхийн хөгжлийн чиг хандлага ямар байна вэ?


-Орчин үед хүүхдийн бөөрний мэс засал нь дэлхийн хэмжээнд бүс нутгийн онцлог бүхий хэд хэдэн чиг хандлагаар хөгжиж байгаа бөгөөд эдгээр нь газар зүй, нийгэм-эдийн засгийн нөхцөл, эрүүл мэндийн тогтолцооны хөгжил, технологийн хүртээмжээс хамааран ялгаатай боловч нийтлэг зорилго нь ижил хүүхдийн бөөр, шээсний замын өвчлөлийг үр дүнтэй, аюулгүй эмчлэхэд оршино.


Европын бүс нутагт хүүхдийн бөөрний мэс засал нь нотолгоонд суурилсан анагаах ухаанд тулгуурласан, стандартчилсан удирдамж, нэгдсэн протокол бүхий тогтолцоотой хөгжиж байгаа бөгөөд тусламж үйлчилгээний чанарын жигд байдлыг хангах давуу талтай.


Харин Америкийн чиг хандлага нь клиник үр дүнд суурилсан, инноваци, судалгаанд тулгуурласан уян хатан тогтолцоогоороо онцлог бөгөөд эмчилгээний үр дүн, амьдралын чанарт чиглэсэн үнэлгээ давамгайлдаг. Азийн бүс нутагт Япон, БНСУ, БНХАУ зэрэг орнууд өндөр технологи, робот болон бага инвазив мэс заслын аргыг эрчимтэй нэвтрүүлж, хурдацтай хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Харин Африкийн орнуудад нөөцийн хязгаарлагдмал нөхцөлд тулгуурласан, олон улсын хамтын ажиллагаанд суурилсан хөгжлийн загвар давамгайлж, нээлттэй мэс заслын арга зонхилж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн бөөр, шээсний замын мэс заслын хөгжил нь анагаах ухаан, инженерчлэл, мэдээллийн технологийн дэвшилтэй уялдан эрчимжиж, оношилгоо, эмчилгээний шинэ арга, технологиуд эмнэлзүйн практикт өргөн нэвтэрч байгаа билээ.




Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин