sonin.mn

Хүүхэд бүр гэгээлэг. Тэдний зурсан зураг бүр төсөөлөл, сэтгэл хөдлөл, дотоод ертөнцийг нь илэрхийлсэн байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа Нийслэлийн 35 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Өлзийхутаг болон түүний шавь нарын бүтээлийг онцолж байна.

 

-Та зургийн хичээлээ хэрхэн заадаг вэ?


-Тухайн өдрийн хичээлийн сэдэв болон хөтөлбөр, зорилгодоо хүрсэн агуулгыг заадаг. Хүүхэд бүр гэгээлэг. “Зургийн хичээл” дуунд “Зураг бүхэн нартай байна” гээд байдаг даа. Мэдрэмжээ илэрхийлэхээс илүүтэй хүүхдүүд зурах зургаа төлөвлөөд өөрийнхөө ертөнцөд хэсэгхэн хугацаанд саатаж бүтээлээ хийдэг.


-Зургийн хичээл хүүхдэд ямар чадвар, дадал суулгадаг вэ. Бусад хичээлээс юугаараа онцлог вэ?


-Зургийн хичээлээр гоо зүйн мэдрэмж хөгжихөөс гадна хүүхдийн сэтгэхүй болон орон зайн баримжааг илүү сайжруулдаг. Бусад хичээл дээр яг өөрийнхөө хүссэн ертөнцдөө саатаад байх нь ховор. Харин зургийн хичээлийн бүтээл хийхдээ яаж хийвэл гоё болох вэ гэдэг талаас нь их анхаарч, бие дааж хийдгээрээ онцлог болов уу. Зургийн хичээлээр хүүхдүүд хамгийн жаргалтай ертөнцөө бүтээдэг. Өөрсдийн ертөнцөө зурагт буулгаад түүнийгээ хоорондоо ярилцах нь өөрөөрөө бахархах мэдрэмжийг илүүтэй төрүүлдэг.


-Эцэг эхчүүд хүүхдийнхээ зурсан зургийг “хөөрхөн” гэж хүлээж авдаг. Гэтэл багш хүний хувьд та утга, илэрхийллийг хардаг уу?


-Өөр өнцөг гэвэл зурсан зургаар нь хүүхдүүдийнхээ хобби сонирхлыг мэдэж авч болж байна. Зургийг нь хараад магтаж урамшуулж бас найз шиг нь зөвлөгөө өгөхийг хүсдэг. Жишээ нь, зургийн санааг нь илүү гаргах үүднээс юу нэмж зурж болохоор байна гээд асуух зэргээр зөвлөдөг юм.


М.Баттулга 7 настай

“Би гэр бүлээ бас байшингаа зурсан. Манай байшингийн хажууд цэцэг байгаа. Бас би нар зурсан” 


М.Дарханбаатар 7 настай 

“Би байгаль зурсан. Би уул, үүл, нар, мод тэгээд бас гол зурсан” 


М.Тэнгис 7 настай

“Би жаргалтай амьдралыг зурсан. Энэ бол манай байшин. Би робот зурах дуртай”


Д.Уранлянхуа 7 настай

“Би Куромиг зурсан. Би мууранд хайртай болохоор муур зурах бас дуртай”


О.Сондор 6 настай

“Энэ бол манай гэр. Манай гэрийн хажууд их гоё мод байдаг. Модныхоо хажууд тарьсан цэцгээ бас зурсан. Нартай өдөр бороо орж байгаагаар зурах гэж байгаад онгоц нисэж байгаагаар зурсан. Би байшин бас гэр бүлээ зурах дуртай”


А.Номинзаяа 7 настай

“Би Куромиг зурсан. Миний үздэг хүүхэлдэйн киноны дүр”



Б.САЙНЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин