sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.


Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийн хамтаар албан ёсны хэлэлцээ хийж, өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтыг хэлэлцэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцлаа.


Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, хоёр улсын Засгийн газрын гишүүд тэргүүтэй албаныхан албан ёсны баримт бичигт зурав.


Энэ үеэр “Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөнгөн үйлдвэрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Туркменистаны талаас Хөнгөн үйлдвэрийн сайд Н.Оразгелдиев нар гарын үсэг зурлаа.


Санамж бичигт тусгаснаар хоёр улсын хамтын ажиллагааны тодорхой чиглэлийг харилцан тохиролцож, ялангуяа нэхмэл, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлд харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.