sonin.mn

2025 оны 5-р сарын 29-ний үдээс хойш болсон Хятадын Худалдааны яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь мэдэгдэл хийхдээ, АНУ нэг талыг барьсан нэмэлт тарифын буруу бодлогоо бүрэн цуцлахыг Хятадын тал дахин шаардаж байгаа гэв.


Тэрбээр хэлэхдээ, "5-р сарын 28-ны өдөр АНУ-ын Олон улсын худалдааны шүүхээс ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлсэн дэлхий даяарх тариф, хариу арга хэмжээний тариф, “фентанил”-ын холбогдолтой тариф зэрэг нь хууль бус хэмээн дүгнэж, эдгээрийг цуцлах, цаашид хэрэгжүүлэхгүй байхыг шаардсан шийдвэр гаргасныг Хятадын тал анхааралтай ажиглаж байна.


Хятадын байр суурь үргэлж тодорхой байсаар ирсэн. Худалдааны дайнд ялагч байдаггүй, хамгаалалтын бодлого ямар ч гарц болж чадахгүй. АНУ нэг талыг барьсан байдлаар нэмэлт тариф ногдуулснаар дотоод асуудлаа шийдэж чадаагүй төдийгүй олон улсын худалдаа, эдийн засгийн дэг журмыг ноцтой зөрчиж, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, бусдад хор хохирол учруулан, өөрсдөдөө ч ашиггүй байдал үүсгээд байна. Үүнээс гадна уг бодлого нь АНУ-ын дотоодод ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсаар байна.

Иймээс Америкийн Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэг болон дотоодын олон талын ухаалаг, бодит дуу хоолойг хүндэтгэн, нэг талыг барьсан нэмэлт тарифын буруу бодлогоо бүрэн зогсоохыг Хятадын тал дахин уриалж байна гэжээ.


Г.Бямба