
Хамгийн хаалттай улсуудын нэг гэгддэг Төв Азийн Туркменистан улс сүүлийн жилүүдэд дэлхийн дахинд нээлттэй болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг даллан дуудаж, дан ганц байгалийн хийн хамаарлаас ангижрахын тулд эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх, экспортын боломж, зах зээлээ тэлэхэд чиглэсэн бодлого баримталж байна.Парфяны эзэнт гүрэн, Аббасидын халифат, Селжүкийн улс, Хорезмын эзэнт гүрний төв цэг, олон зуун жилийн турш соёл иргэншлүүдийн уулзвар болж байсан гэдгээр нь түүх сонирхогчид Туркмен орныг сайн мэднэ.
Дундад зууны үед Туркмений Мерв хот торгоны их замын чухал зогсоол болж байсан бөгөөд 15 дугаар зууны дунд үе хүртэл Хятадын худалдаачдын хөсөг цуваа дайран өнгөрдөг байжээ.
Нэн шинэ түүхээс цухас дурдвал, Зөвлөлтийн үед хөвөн тариалалтаар Узбекистаны дараа хоёрдугаарт орж, жилд нэг сая гаруй тонн хөвөн хураан авдаг байв. Туркмен бол жимс, ногоо бялхсан жинхэнэ диваажингийн орон бөгөөд 1970-1980-аад оны үед Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Туркмен Улсад тариалсан усан үзэм нь сахарын агууламжаар узбек, кавказын усан үзмээс хэд дахин илүү байсан тул гадаадын олон орон худалдан авдаг байв. Мөн Чаржоугийн хулуу нь Туркменистаны брэнд болж байлаа.
ЗХУ задарсны дараа тусгаар тогтнолоо зарласан Туркменистан Улс байгалийн хийн асар их нөөцдөө тулгуурлан эдийн засгаа хөгжүүлсээр иржээ. Мөн 30 жилийн турш тууштай явуулж ирсэн төвийг сахисан бодлого нь тус улсын “нэрийн хуудас” болсныг улс төр сонирхогчид сайн мэднэ. Гурван жилийн өмнө ерөнхийлөгч асан, 64 настай Гурбангулы Бердымухамедов төр засгийн удирдлагыг залууст шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ингээд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлаж, улмаар 2022 оны гуравдугаар сард болсон сонгуулиар одоогийн төрийн тэргүүн Сердар Бердымухамедов 72.97 хувийн саналаар илт давамгай ялжээ.
Тэрбээр эдийн засгийн шинэчлэл хийх, хувийн хэвшлийг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авч эхэлснээр сүүлийн гуравхан жилийн дотор тус улсад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ. Энэ оны эхний дөрвөн сард ДНБ 6.3 хувиар өссөн нь тун муугүй үзүүлэлт юм. Нийгэм ахуйн болон дэд бүтцийн байгууламжууд олноор сүндэрлэн босож байгаа нь нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх 2022-2028 оны хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг илтгэнэ.
ХИЙН ХАМААРЛААС АНГИЖРАХ БОДЛОГО
Зургаан сая хүн амтай энэ улс байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд 4 дүгээрт /нийт нөөцийн 9.8 хувь/, олборлолтоор 10 дугаарт ордог байна. Хуурай газар дахь хамгийн том хийн орд болох Галкынышыг 2006 онд нээсэн нь хийн олборлолтод томоохон түлхэц өглөө.
Туркменистаны хэвлэлүүдэд бичсэнээр, тус улсын хийн нөөц нь дэлхийд тэргүүлэх хэмжээний буюу 50 их наяд шоо метр юм. Харин зарим шинжээчийн тооцоолсноор, нөөцийн хэмжээ 19.5 их наяд шоо метр, Бритиш Петролиум-ын судалгаагаар 13.6 их наяд шоо метр болж байна.
Гэсэн хэдий ч энэ бол асар өндөр үзүүлэлт бөгөөд өнөөдрийн ханшаар 8 их наяд ам.доллароор үнэлэгдэх хэмжээний баялаг юм. Дэлхийн банкны мэдээллээр, Туркменистаны ДНБ 45 тэрбум ам.доллар болж байгаагийн дийлэнх хэсгийг байгалийн хийгээр бүрдүүлж байна. Сонирхуулахад хийн нөөцөөр дэлхийд эхний гуравт Орос (37.6 их наяд шоо метр), Иран (32.1 их наяд шоо метр), Катар (24.7 их наяд шоо метр) ордог.
Галкыныш дахь хий олборлох цогцолбор
Тус улсын анхны Ерөнхийлөгч С.Ниязовын үед хий, цахилгаан эрчим хүч, ус, давсыг иргэдэд үнэгүй олгодог байсны дээр хувийн авто машинтай хүмүүс сард 121 л шатахуун үнэгүй авдаг байсныг 2014 онд цуцалжээ. Өнөө ч гэсэн байгалийн хий, нефтийн орлого дээр улс орны эдийн засаг тогтсон хэвээр байгаа боловч үйлдвэрлэлийн бааз суурийг өргөтгөхөд одоогийн засгийн газрын бодлого чиглэж байна.
Хөдөө аж ахуй, тээвэр логистик, цахим дэд бүтэц, аж үйлдвэрийг тэргүүлэх чиглэлийн салбарууд гэж тодорхойлоод эдгээр салбарт дотоодын ба гадаадын хөрөнгө оруулалтыг татах цогц арга хэмжээ авч байна.
Үүний тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэлийг хийж, бизнесүүдийг бүртгэх ажиллагааг хялбаршуулж, татварын хөнгөлөлт үзүүлж, эдийн засгийн чөлөөт бүс байгуулсан нь хөрөнгө оруулагчид Туркменистаны зах зээлд нэвтрэх явдлыг илт хөнгөвчилж өгчээ. Жишээлбэл, Каспийн тэнгисийн эрэг дэх олон улсын Туркменбаши боомтод байгуулагдсан эдийн засгийн чөлөөт бүс дэх логистик, худалдааны чиглэлээр ажилладаг компаниудад багагүй хөнгөлөлт үзүүлснээр тус боомт бүс нутгийн тээврийн томоохон зангилаа газар болж өргөжжээ.
Түүнээс гадна улсын үйлдвэрийн газруудыг аажмаар хувьчилж байгаа нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад хаалттай байсан салбаруудыг нээж, өрсөлдөөнийг эрчимжүүлж, үр ашигтай зах зээлийг бий болгоно.
Энэ бүхний үр дүнд 2024 онд Туркменистанд 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, ДНБ 6.3 хувиар өссөн бол энэ онд 11.5 тэрбумд хүргэж, эдийн засгийн өсөлтийг өмнөх оныхоос бууруулахгүй байх зорилт дэвшүүлжээ. Тухайлбал, Малайзын нийслэл Куала-Лумпурт 4 дүгээр сарын сүүлчээр Туркменистаны эдийн засагт хөрөнгө оруулалт татах асуудлаарх олон улсын чуулга уулзалт /TEIF 2025/ боллоо.
Уг форумыг зохион байгуулахаар Зүүн-Өмнөд Азийг сонгосон нь Туркменистан улс хөрөнгө оруулагчдын хүрээг тэлж, эрчимтэй хөгжиж буй АСЕАН-ы гишүүн орнуудыг хамруулахаар зорьж буйг илтгэсэн юм.
Хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхийн тулд эрх зүйн бат бөх суурийг бий болгож чаджээ. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг баталгаажуулсан багц хуулиудыг батлав. Одоогийн байдлаар, хөрөнгө оруулалтыг зохицуулсан 67 гэрээ, тэдгээрийн дотор хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах тухай 28 гэрээ, давхар татвараас чөлөөлөх тухай 39 гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүний үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа эртнээс зохицуулах боломжтой болж, эрсдэлгүй аюулгүй орчинд ажиллаж байна.
УХААЛАГ ХОТ – АРКАДАГ
Ерөнхийлөгч асан Гурбангулы Бердымухамедовын санаачилга, шууд оролцоотойгоор нийслэл Ашхабад хотоос баруун өмнө зүгт 30 км-ийн зайд 2019 онд Аркадаг гэдэг хотыг бүтээн байгуулах их ажил өрнөж эхэлжээ. Аркадаг гэдэг нь түрэг хэлний “түшиг тулгуур, итгэл найдвар” гэсэн утгатай үг ажээ. Зундаа сүүдэрт +40 хэм халуун байдаг элсэн цөлд жинхэнэ баян бүрд болох Аркадаг хот хэдийн сүндэрлэн босжээ.
Далан мянган хүн амтай энэхүү хотын эхний ээлжийг 2023 онд ашиглалтад оруулсан бөгөөд үүнд 3.3 тэрбум ам.доллар зарцуулсан бол одоо 1.5 тэрбум ам.доллароор хоёр дахь ээлжийг барьж байна. Шинэхэн хотын захиргаанд олон улсын 21 сертификат гардуулан өгсний дотор “Түрэгийн ертөнцийн анхны ухаалаг хот” гэсэн батламж бий. Нарны хавтангууд, салхин турбинүүдээр дүүрэн энэ хотын бүх төрлийн тээврийн хэрэгслүүд экологид ээлтэй бөгөөд зөвхөн цахилгаанаар ажиллана. Эндхийн замын гэрлэн дохионууд нь хөдөлгөөний нягтралаас хамааран замуудыг чөлөөлж өгдөг ухаалаг системтэй ажээ.
АЯЛЛЫН СОДОН ЧИГЛЭЛ -ТУРКМЕНИСТАН
Сүүлийн жилүүдэд Туркменистаны засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байна. Зочид буудал олноор баригдаж, үйлчилгээний нэр төрөл, чанар илт сайжирчээ. Таван жилийн өмнө нийслэл Ашхабад хот Дэлхийн аялал жуулчлалын хотуудын холбоонд гишүүнээр элссэн нь тус салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц боллоо.
Зураг дээр: "Аваза" сувиллын газар
Туркменистан бол Төв Азийн өргөн уудам нутаг дахь аялал жуулчлалын өвөрмөц онцгой чиглэл юм. Энд ирсэн жуулчид эртний хотуудын туурь, археологийн малтлага хийсэн газрууд, музейнүүд, уран барилгын дурсгалууд, Каракумын цөл дэх “Тамын үүд” гэдэг галт тогоо, Ашхабадын тансаг цагаан гантиган барилгуудыг үзэх боломжтой.
Мөн Төв Азийн хамгийн эртний баян бүрд хотуудын нэг болох Мерв болон Кёнеургенч, Ниса зэрэг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон түүхэн дурсгалт газрууд байдаг. Эдгээр нь онцгой содон, “стандарт бус” чиглэлүүдийг сонирхдог аялагчдын хувьд заавал үзэх ёстой газрууд болой.
Тус улс хэдийгээр далайд гарцгүй боловч эх газрын дундах хамгийн том тэнгис болох Каспийн тэнгисийн зүүн эрэгт оршдог. Уг тэнгисээс тасарсан Кара Богаз Гол гэдэг том нуур бий. Сүүлийн жилүүдэд эмчилгээний аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, Каспийн тэнгисийн зүүн эрэгт “Аваза” сувиллын газрыг байгуулсан байна.
ТУРКМЕНИСТАНЫ “ТЭРБУМ МОД”
Энэ улс бол дэлхий дээрх хамгийн хуурайшилтай газруудын нэг бөгөөд нутаг дэвсгэрийнх нь 80 орчим хувийг Каракумын их цөл /350 мянган хав.дөр.км/ эзэлдэг. Зундаа +45-аас +50 хүртэл халах нь ердийн үзэгдэл. Иймээс өмнөх Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын санаачилгаар “Үндэсний ногооруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлжээ.
“Ойн аж ахуй” үндэсний хөтөлбөрийн хүрээнд жил бүр 3 сая ширхэг мод тарьж байгаа бөгөөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд хотуудыг ногооруулж, баян бүрд болгоход түлхүү анхаарснаар, 2022 оны байдлаар 145 сая ширхэг мод тариад байна.
Шилмүүст, навчит, жимсний моднуудаас бүрдэх ойн зурвасууд өдгөө 185 мянган га талбайг хамарчээ. Хүлэмжийн хийг багасгах, ойг сэргээхэд оруулсан энэхүү хувь нэмрийг НҮБ-ын Европын эдийн засгийн комисс ихэд үнэлж, нийслэл Ашхабад хотод “Хотууд дахь ой” санаачилгын олон улсын сертификат олгосон байна.
Голдуу нарс, агар мод, тууяа модноос бүрдэх ойн зурвасууд нь зуны их халуун, тоос шороо, хүчтэй салхинаас оршин суугчдыг хамгаалж, таатай бичил орчныг бүрдүүлдэг байна. Хот суурин газруудыг ногооруулахад чиглэсэн олон жилийн энэхүү нөр их ажил “Улс орноо цэцэрлэгт хүрээлэн болгоё” гэсэн уриан дор явагдаж байгаа бөгөөд төрийн экологийн бодлогын хүрээнд 2013 онд баталсан Үндэсний ойн хөтөлбөрийг баталснаар уг ажил улам эрчимжиж, олон улсын хэмжээнд үлгэр жишээ болж байна.
Тусгаар тогтнолын цэцэрлэгт хүрээлэн
Туркменистан Улс цөлжилттэй тэмцэх, биологийн олон янз байдлын тухай, уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон улсын гурван конвенцод нэгдэн орсон бөгөөд хүрээлэн буй орчныг амгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах, байгалийн баялгийг зохистой ашиглах нь төрийн бодлогын гол чиглэлүүдийн нэг юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл10
Адьяахүү ч бүлт үлээлээдээ,,,,
Шуналгүй ганц дарангуйлагчтай байх нь ийм сайхан байгаа ш дэ !
Энэ нэг усан гүзээ юугаа мэдэж юм бичдэг байна ккккк. Ажилгүй хар аалз
Uls ornoo samardag gar shdee odoo huuhed n eronhiilogch biluu
Манай Монголоос хоцрогдсон улс гэж дэлхий дээр алга боллоо доо, Туркмен хүртэл ингэж хөгжиж бхад. бид ч ертөнцийн адагт орлоо доо. дарга нарын хүүхдүүд сүй тавихдаа тэрбум төгрөгөөр тансаглаад л ... булай2
Дандаа хулгайч нар. Хэлэхээр ялаа гэж доромжилно
Африкийн хамгийн ядуу орнуудтай Монгол адилхан
Үхэх цаг ньь ирсэн бол 1 мётрийн гүнтэй шалбааганд ч живж үхдэг юм ! Цаг нь ирсэн хоёр байжээ !
Ардчилал гэдэг үлгэрт итгэж болж бүтэж байсан бүх юмаа нурааж, хурааж, хувьчилж самарсан Монгол улс ардчилалын Баянбүрд энэ гаригын шалбааг жорлон болоод үлдэв ээ!! хөөрхий!!
Ардчилал гэдэг үлгэрт итгэж болж бүтэж байсан бүх юмаа нурааж, хурааж, хувьчилж самарсан Монгол улс ардчилалын Баянбүрд энэ гаригын шалбааг жорлон болоод үлдэв ээ!! хөөрхий!!