sonin.mn
Дэлхийд ганцхан монгол наадмынхаа зүлэг ногоон дэвжээг хотолзуулан, үнэн хүчийг үзэн барилдагч бөхчүүд эх орны минь бахархал билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Монгол Улсын гарьд М.Баяржавхланг урьж ярилцлаа. 
 
-Анх зодог шуудгаа өөрөө хийж, өмсөж байсан гэсэн. Өөрийнхөө оёсон шуудагтай зүлэг ногоон дэвжээнд гарахад ямар мэдрэмж төрж байв? 
 
-Өндөр туранхай байсан болохоор өөрт таарсан зодог шуудагтай болъё гэж шийдсэн. Ээж маань эсгүүрийг нь гаргаж би өөрөө шидсэн юм. Оёсон зодог шуудгаа 18 настайдаа улсын аваргад өмсөж барилдсан. Өөрөө хийсэн болоод ч тэрүү биед илүү эвтэйхэн санагдаж, өндөр амжилт үзүүлсэн мэт сэтгэгдэл төрж байлаа. Тэр тэмцээнд 100 гаруй хүүхэд оролцсоноос 24-т  шалгарсан санагдана. Тэр үеэс бөхийн спортод илүү татагдаж, барилдах гараа минь эхэлсэн. Том цолтой бөхчүүд намайг урамшуулж, “Үндэсний бөхөөр барилдвал том амжилт гаргах юм байна” гэдэг үг ташуур болж билээ.  Тиймээс өөртөө том наадмуудад барилдаж, цолонд хүрэх зорилго тавьж хичээж, хөдөлмөрлөх болсон. 
 
-Анхны төрийн наадмын дэвжээ хэр хатуу байв. Залуу бөх болохоор ихэвчлэн аманд гардаг байсан уу? 
 
-1996, 1998 оноос 2001 он хүртэл төрийн наадмын дэвжээнд залуу бөхөөр гарч барилдсан. Нэгийн даваанд давсан ч дараагийн даваанд өвдөг шороодчихно. Гэхдээ жил өнгөрөх тусам даваа нэмэгдсээр, 2001 онд Улсын харцага цолны болзлыг биелүүлсэн. 
 
-Аймгийн наадамдаа зодоглолгүйгээр улсын наадамд барилджээ. Яагаад сум, аймгийн цолыг алгасч, шууд улсын наадамд барилдсан юм бэ?
 
-Улаанбаатарт ирсэн үеэсээ аймаг, цэргийн цолтой заалны барилдаанд барилдаж үзсэн . Эхний хэдэн барилдаанд амжилт үзүүлээгүй ч аймгийн цолтой бөхчүүдийг давдаг байсан. Ингээд дараа жилээс нь тэр барилдаануудад түрүүлж эхэлсэн. Тиймээс багш, дасгалжуулагч нар маань “Аймгийн цол хэрэггүй, улсын наадамд том амжилтыг үзүүл” гэж хэлсэн. Залуу бөх болохоор дуртай болгон нь амлаж авна. Намайг ам авсан бөхчүүдийг давахаар дараагийн бөхчүүд амлахаа больдог. Хэдийгээр залуу бөх ч гэлээ хэрэндээ л тэдний хүчтэй өрсөлдөгч болж байсан байх. Иймэрхүү байдлаар улсын наадмуудад хүч үзсээр улсын цолонд хүрсэн дээ. 
 
-Анх улсын цол авахдаа ид хүч үзэж явсан Ц.Магалжавтай барилдсан. Та хоёрын хэн давсан нь улсын чимгээ нэмэх байсан бил үү? 
 
-Ц.Магалжав аймгийн цолтой болохоор илүү барилдаан гаргах болов уу хэмээн харж байсан. Би ч унавал тахимаа өгчихнө, давбал улсын цолоо чимэгтэй болгоно гэсэн бодолтой дэвжээ рүү гарсан. Нэлээд ширүүн барилдааны эцэст Ц.Магалжавыг давж, улсын өсөх идэр начин болсон. 
 
-Анхны 001 дугаартай улсын харцага цолыг хүртсэн түүх бас сонирхолтой шүү дээ? 
 
-Барилдаж эхэлсэн үеэсээ улсын цолтой бөхчүүдтэй тэнцүү барилддаг байсан юм. Харин 2003 онд Ерөнхийлөгчийн зарлигаар харцага цолыг олгох болж зургаагийн даваанд Б.Мягмарсүрэн ахад ам авахуулсан. Үнэн хүчээ үзэж барилдсаны хариуд 001 гэсэн үнэмлэхийг гардсан түүхтэй.
 
-Улсын цолонд хүрэхээс өмнө жүдогоор хэсэг хичээллэсэн юм билээ. Тухайн үед жүдогийн төрлөөр амжилт гаргахад хэцүү санагдсан юм уу? 
 
-Үндэсний бөхөөр барилдаж байхдаа жүдо бөхийн бэлтгэл хийдэг байсан юм. Өөрийн жинд бэлтгэл хийх хүнгүй болохоор амжилт гаргахад бэрх байсан шүү. Үүнээс гадна зардал мөнгөө хувиасаа гаргадаг байсан нь тамирчид олон улсын тэмцээнд оролцоход хүндрэлтэй байсан санагддаг юм. 
 
-Таны хувьд анх ямар аварга, арслангаар мэх заалгаж байв?
 
-Би Завхан аймгийн Нөмрөг сумын жирийн малчин айлын хүүхэд. Багадаа морь, малтай ноцолдож, үеийн нөхөдтэйгөө ноцолдож өссөн. Хэдий том биетэй ч ердөө давдаггүй байсан юм. Харин аймгийн төв орж бэлтгэл хийсэн үеэсээ үндэсний бөхийн сайхныг мэдэрч, өөрийн биеийн өндрийг ашиглаж хэрхэн давахыг багшаараа заалгуулснаар энэ амжилтыг гаргаж чадсан гэж боддог юм. 
 
-Өндөр бөгөөд баруун талтай болохоор халз хутгаж, мордоход амар байдаг уу? 
 
-Татаж хутгах, мордох мэхийг хийдэг ч  эсрэг барилдаж байгаа бөхөд ямар мэх хийвэл зохих вэ гэдгийг эхлээд боддог. Учир нь бөх болгон өөрийн онцлогтой. Тиймээс барилдаж байгаа бөхийг хэрхэн хялбар давах вэ гэдгээ л бодох хэрэгтэй. Хэрэв барилдааны үед өөрийн мэхээ хийгээд уначихвал маргалдаад зогсоод байхыг чухалчилдаггүй. Унасан бол тахимаа өгчихнө, давсан бол тахимаа авчихна. Энэ л миний давуу тал байсан.  
 
-Та гарди цолыг 2011 онд хүртсэн. Үүнээс өмнө авах боломж байгаагүй юу?
 
-2003 онд цолоо бататгасны дараагаар муу бэлтгэл хийж, хэсэг хугацаанд сайнгүй барилдсан. Харин гарди цол хүртдэг жилээ төрсөн нутгийнхаа ууланд бэлтгэлээ базааж, улсын наадамдаа зодоглосон юм. Бэлтгэл сайн байсан учир цолоо ахиулах боломж ч нээгдсэн. Ингээд Улсын гарди хэмээх алдрыг зүүх  болсон. Харин энэ үеэс бөхийн спортоо орхин зодог тайлж, залуу үеэ сургахад чиглэсэн гэх үү дээ. 
 
-Танай сумын 100 жил удахгүй тохиох гэж байна. Таны бэлдсэн залуу бөхчүүд сумынхаа ойгоор нижгэр хүч үзэх юм байна даа? 
 
-Би сумынхаа 100 жилийн ойгоор юу хийвэл хэрэгтэй бол гэж найзуудтайгаа ярилцсан юм. Гэтэл  манай нэг найз шавь нараа зүлэг ногоон дэвжээн дээр гаргаж хүчийг үзүүлээч гэсэн. Би ч шавь нарынхаа бэлтгэл хэр байгаа мэдэж авъя гэж бодоод зохион байгуулах хороонд нэрсийг нь өгөөд амжсан шүү. 
 
-Тэгэхээр өөрийн нутгийн шавь нараа “Хилчин спорт” хороон дээрээ бэлтгэж байгаа гэсэн үг үү?
 
-Миний хувьд 2011 оноос хойш “Хилчин спорт” хорооны хурандаагаар томилогдож, шавь нараа бэлтгэхийн хажуугаар өөрөө бэлтгэлээ базаачихдаг байлаа. Хэсэг хугацааны дараанаас барилдахаа больж зөвхөн шавь нараа л бэлтгэх зорилготой болсон доо.
 
Д.ДАРАМБАЗАР 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин