sonin.mn
“Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл болох “Аравт” морин цэргийн олон улсын уралдаан Монгол Улсад 3 дахь жилдээ зохион байгуулагдахаар бэлтгэл ажлыг хангасаар байна. Морьтон дайчдын олон улсын уралдаанд 4 орны цэргийн алба хаагчид оролцох бөгөөд 8 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана. Өдгөө тэмцээнд оролцогчдыг мориндоо дасах дадлага сургалтыг явуулж, цэргийн нөхөрлөлийг бататгах спорт болон соёл хүмүүжлийн ажлууд өрнөсөөр байна. 
 
Үүний түүчээ болгож 8 дугаар сарын 4-ний өдөр оролцогч орнуудын цэргийн алба хаагчдын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдсанаас тэргүүн байрт Узбекистан Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид, дэд байрт Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид, гутгаар байрт ОХУ-ын Зэвсэгт хүчний баг тамирчид шалгарлаа. 
 
    Тэмцээний шагналыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, “Аравт” морин цэргийн олон улсын уралдаан зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, уралдаан зохион байгуулах хорооны штабын дарга, хурандаа Ш.Гантулга нар гардуулан өгч, баяр хүргэж, амжилт хүслээ.
      "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооноос үндсэн бэлтгэл сургалтын бус цагаар цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг бататгах, ур чадвараа сорин өрсөлдөх олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү гар бөмбөгийн тэмцээн бөгөөд цаашид олон чухал арга хэмжээгээр үргэлжилнэ.