sonin.mn
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё эхэллээ. Нагоя хотын “Долфинс” ордны дүүргэлтийг 50 хувиар тооцож, нэг өдрийн барилдаанд 3800 үзэгч оруулж байгаа аж. Сүүлийн хэдэн башёд аварга цолтон зодоглоогүй бол энэ удаагийнх ёкозүнатай гэдгээрээ онцлог. Тэр ч ёсоор сүмогийн 69 дэх их аварга Хакүхо үзэгч, сонирхогчид болон мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна. Сүмогийн холбооны ерөнхийлөгч Хаккакү ояката “Хакүхо башёгийн эхний хэдэн учраагаа гайгүй давбал цаашид хуучных шигээ учраа олчих байх. Түүнийг 10-аас дээш давна гэдэгт итгэлтэй байна. Барилдааны агуулгыг нь харвал тэр түрүүлэх хэмжээд барилдаж болохоор байгаа. Бэртэл гайгүй болсон харагдлаа” гэжээ. Тэгвэл Хакүхогоос гадна анхаарлын төвд байгаа нэг сүмоч нь озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ. Бэртлийн улмаас жонидан зиндаа хүртэл уруудсан ч дахин макүүчид дэвшээд зогсохгүй хоёр башёд дараалан түрүүлж, өнөөдөр ёкозүна цолны төлөө барилдаж буй түүний талаар мэргэжилтнүүд хэлэхдээ “Эхнээсээ чанга, эрч хүчтэй байна” хэмээн онцолжээ. Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс их аварга Хакүхо, озэки Тэрүнофүжи, маэгаширагийн хоёрдугаарт эрэмбэтэй Ичиножо, Чиёошома, Тамаваши, Хоошёорюү нар тус бүр эхний хоёр өдрийн дараа нэг ч унаагүй байгаа бол Кирибаяма нэг даваатай явна.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин