sonin.mn
Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноос “Үндэсний бөх - Үнэт өв” тойргийн барилдааныг 2021 оны 6 дугаар сарын 18-25-нд  зохион байгуулахаар болжээ.
Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг угтан дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин тахал газар авч, айдас түгшүүртэй байгаа энэ үед  ард олныхоо сэтгэл санааг өргөж эрч хүч, урам зориг, баяр баяслыг төрүүлэх зорилгоор 100 сая төгрөгийн шагналын сантай энэ цагийн идэр залуу шилдэг хүчтэнүүд оролцсон энэхүү барилдааныг Улсын онцгой комисс /УОК/-оос зохих заавар, зөвшөөрлийг нь авчээ. “Үндэсний бөх - Үнэт өв” тойргийн барилдааныг телевизийн 4 сувгаар шууд дамжуулан үзүүлэхээр МҮБХ-ноос төлөвлөн  ажиллаж байна. 
 
Уг барилдааны удирдамжид 2021 оны 06-р сарын 12-ны өдрийн Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан “Үндэсний бөхийн барилдааны шинэчилсэн дүрэм"-ээр зохион байгуулагдах бөгөөд МҮБХ нь өөрийн гишүүд болох бөх, засуул, хөлийн цэцийнхээ нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.
Тэрэлж дэх “Ред рок” амралтын газарт “Үндэсний бөх-Үнэт өв” тойргийн барилдааныг зохион байгуулахдаа цэц, засуул, бөхчүүдийг 8 өдрийн турш тусгаарлаж, барилдаанд оролцох болон бэлтгэл сургуулилтанд хамрагдах юм байна. Энэхүү барилдан 32  бөх оролцох бөгөөд аймаг бүрээс эрэмбэ өндөртэй нэг бөх оролцох боломжтой. Үлдсэн 11 бөхийг цолны эрэмбээр оролцуулна. Барилдах журмын хувьд тойргоор барилдах бөгөөд өдөрт 1 бөх 4 барилдана. Барилдааныг өдөр бүрийн 16.00-19.00  цагт зохион байгуулах юм.
 
 
 
Барилдааны шагналын сан 100 сая төгрөг бөгөөд амжилтаар бөхийг 1-10 сая төгрөгөөр урамшуулна. Оролцогч бөх нь вакцины 2 тун хийлгэсэн, шинжилгээ өгсөн байх ёстой.
 
 
 
 
МҮБХ-ноос зохион байгуулах энэ барилдааны  ерөнхий ивээн тэтгэгч байгууллага  “Happy Valley” Спорт, амралтын төв юм байна.