sonin.mn
Ойрын хэдэн өдөр хөлбөмбөгийн ертөнц “Супер лиг” хэмээх шинэ төслөөс болж бужигнаантай байна. Аваргуудын лиг өндөрлөх дөхсөнтэй зэрэгцэн “Супер лиг” ажил хэрэг болж, 12 шилдэг багийг эгнээндээ нэгтгээд байв. Гэвч УЕФА-ийн “дарамт”-аар Английн зургаан баг шинэ лигээс татгалзах нь тэр. Хэдий ийм үйл явдал болсон ч супер лигийг санаачлагчид зүгээр суухгүй, бас бууж өгөхгүй гэдгээ илэрхийлээд амжлаа. Хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй 12 баг супер лигт нэгдсэнийг УЕФА эсэргүүцсэн бөгөөд шинэ лигт орсон багуудыг торгож, эрхийг нь хасаж, тоглогчдыг нь шигшээ багт тоглуулахгүй гэсэн хариу барьсан. Энэхүү лигийн санаачлагч нь Испанийн эзэн хааны “Реал Мадрид”-ын босс Флорентино Перез, Италийн лигийн босоо аварга “Ювентус”-ын эзэн Андреа Аньелли нар юм. Лигийн ерөнхий ивээн тэтгэгч нь Америкийн “JP Morgan” банк бөгөөд 4.6 тэрбум фунт стерлинг оруулахад бэлэн гэдгээ зарласан. Мөн стартап, шинэ төслийг дэмжигч “Key Capital Partners” компани 3.5 тэрбум еврогоор дэмжихээ мэдэгдсэн байдаг.
 
Дүрмээрээ лигт 20 баг оролцож, арав арваараа хоёр хэсэгт хуваагдах ёстой байлаа. Багууд хоорондоо хоёр тоглоно. Хэсэгт нэг баг 18 тоглох хуваарьтай. Лигээ ирэх наймдугаар сард эхлэхээр төлөвлөсөн. Тоглолтыг долоо хоногийн дундуур зохион байгуулахаар зохицуулжээ. Хэсгээс шилдэг гурван баг хасагдах шатанд шалгарна. 4-5 дугаар байрны багууд плей-оффт гарахын тулд хоёр тоглоно. Хасагдах шатанд хүний, өөрийн талбайд хоёр тоглоцгооно. Финалын тоглолт гуравдагч орны талбайд болох юм. Супер лигийг зохион байгуулагчдын төлөвлөгөө энэ.
 
Лигт Английн топ зургаа, Испани болон Италийн топ гурван баг оролцохоор тохиролцсон. Тэгвэл өчигдрийн байдлаар 12-оос есөн баг нь гарах болсноо мэдэгдэж, нэг нь түдгэлзэв. Ингэснээр санаачлагч хоёрын баг буюу “Реал Мадрид”, “Ювентус” л үлдэж байна. Тэдэн дээр “Севилъя” нэмэгдэж магадгүй. Нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас “Супер лиг” энэ жилдээ амжиж зохион байгуулагдаж чадахгүйд хүрч байна.
 
 
Английн зургаан баг бодлоо өөрчлөв
 
УЕФА-гийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан Английн топ зургаан клуб бодлоо өөрчилжээ. “Манчестер Юнайтед”-ын хувьд хөгжөөн дэмжигчид, Их Британийн Засгийн газар, гол хувьцаа эзэмшигчдийнхээ байр суурийг анхааралтай сонссоны эцэст энэ шийдвэрийг гаргасан аж. Харин “Челси” тоглогчид болон хөгжөөн дэмжигчдийн ашиг сонирхлыг харгалзан үзэж, нэрээ татаж буйгаа зарлав. “Брайтон”-ы эсрэг хийх тоглолтын өмнө Лондоны “Стамфорд Бриж” цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хөгжөөн дэмжигчид нь эсэргүүцлээ илэрхийлсний дараа тус клуб ийм шийдвэр гаргасан юм. Үүний дараа “Манчестер Сити”, “Арсенал”, “Тоттенхэм”, “Ливерпүүл” ч мөн адил шинэ лигээс татгалзсан хариу өгөх нь тэр. Багуудын татгалзсан шийдвэрийн дараа хэвлэлд УЕФА-ийн тэргүүн Сеферин “Одоо бүх зүйл хуучиндаа орсон болохоор хэлэлцээрээ үргэлжлүүлж, гарц шийдлээ олох л үлдлээ” гэжээ. “Ливерпүүл”-ийн хөгжөөн дэмжигчид “Энфилд”-ийн үүдэнд эсэргүүцлээ илэрхийлж, “Ичиж байна. Тайван нойрс доо, Ливерпүүл. 1862-2021”, “Ливерпүүлийн фэнүүд Европын Супер лигийн эсрэг” гэсэн уриа лоозон барин жагссан бол “Манчестер Юнайтед”, “Тоттенхэм”-ийн хөгжөөн дэмжигчид “Ядуусын бүтээснийг баячууд хулгайллаа” хэмээн лоозон барьж, жагсчээ. Супер лигээс татгалзсан хариуныхаа дараа “Ливерпүүл”-ийн америк босс Жон Хенри хөгжөөн дэмжигчдээсээ уучлал хүсчээ.
Үүнээс гадна Италийн “Интер”, “Милан” клуб дээрх лигийг орхихоор болж байгаа тухай “Sky sports”-т мэдээлсэн байна. Мөн “Атлетико” супер лигээс гарснаа мэдэгдсэн бол “Барселона” хөгжөөн дэмжигчдийнхээ саналыг асуухаар болжээ. Нөхцөл байдал хэвийн болж эхэлж байгаа учраас УЕФА дээрх багуудад нэг удаагийн сануулга өгөөд өнгөрөх бололтой.
 
 
 
Хэн, юу хэлэв
 
“Ювентус” багийн эзэн Андреа Аньелли: –Бид тун эгзэгтэй мөчийн өмнө ирлээ. Европын хөлбөмбөгийн өрсөлдөөнийг өөрчлөх боломжийг бүрдүүлэн, хайртай спортоо урт хугацааны турш тогтвор суурьшилтай хөгжих үндсийг нь тавьж чадлаа.
 
“Реал Мадрид”-ын ерөн­хийлөгч Флорентино Перез:
 
–Бид бүхий л түвшний хөлбөмбөгт туслалцаа үзүүлж, үүнийг зөв замд нь орууллаа. Хөлбөмбөг бол дөрвөн тэрбум гаруй хөгжөөн дэмжигчтэй цор ганц спорт бөгөөд том багуудын үүрэг бол эдгээр хөгжөөн дэмжигчдийн хүслийг гүйцээх явдал юм. Хэрэв Европын Супер лигийн тоглогчдыг 2022 оны Катарын ДАШТ-д оролцуулахгүй бол бид өөрсдийн гэсэн дэлхийн аваргаа зохион байгуулна. Энэ нэг их том асуудал биш.
 
УЕФА-гийн ерөнхийлөгч Александр Сеферин: –Бид энэ утгагүй төслийн эсрэг нэгдэж байна. Юу юунаас илүү шуналдаа хөтлөгдөн гутамшигтайгаар хувийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьсан эдгээр багийн удирдлагуудад урам хугарч байна. Тэд хөлбөмбөгт хайртай хэн бүхний нүүр рүү нулимлаа. Бид амар бууж өгөхгүй. Энэ Европын Супер лигт оролцсон ямар ч тамирчныг ирэх хөлбөмбөгийн ДАШТ болон Европын аваргад оролцуулахгүй, хориглох болно. Энэ лигийг зогсоохын тулд бүх хүчээ дайчлан ажиллана. Бидэнтэй нэгдэхийг уриалж байна.
 
Үүнээс гадна Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн ерөнхий сайд Марио Драги нар мэдэгдэл хийсэн. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өөрийн твиттер хуудастаа “Европын супер лиг зохион байгуулах төлөвлөгөө нь хөлбөмбөгт хор хохирол учруулна. Тиймээс бид хөлбөмбөгийн албаны хүмүүсийг арга хэмжээ авахад нь дэмжлэг үзүүлнэ. Тэд дотоодын лигийн “зүрхэнд” хүнд цохилт өгч, улс орон даяар хөгжөөн дэмжигчдийн санааг зовоолоо. Асуудал хурцдахаас өмнө дээрх хэрэгт холбогдсон хөлбөмбөгийн багууд хөгжөөн дэмжигчдэдээ болон албаны хүмүүст тайлбар өгөх хэрэгтэй” гэсэн бол Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Францын багуудыг супер лигт орохгүй байхыг уриалж, УЕФА-г бүх талаараа дэмжихээ илэрхийлжээ. Түүнчлэн хөлбөмбөгчдийн төлөөлөл болж Мезут Өзил “Хүүхдүүд дэлхийн аварга, аваргуудын лигт түрүүлэхийг л мөрөөдөж, том болдог. Түүнээс ямар нэгэн Супер лигт биш. Том тоглолтууд жилдээ нэг, эсвэл хоёр удаа байхад хангалттай. Долоо хоног бүр биш шүү. Хөлбөмбөгийн фэнүүд энэ шийдвэрийг ойлгоход хэцүү байгаа байх” гэв.
 
Флорентино Перез: Урт хугацаа шаардсан ч бид бууж өгөхгүй
 
Европын “Супер лиг” гэгчийг санаачлан, тэргүүнээр нь ажиллах болсон “Реал Мадрид”-ын босс Флорентино Перезийн хэвлэлд өгсөн ярилцлагаас товчлон хүргэе.
 
-Европын супер лигийг яагаад зохион байгуулах болов ?
 
-Англи, Испани, Италийн том багууд өнөөгийн хөлбөмбөгт тулгараад буй таагүй нөхцөл байдлыг шийдвэрлэх шийдлийг олох хэрэгтэй болсон. Ийнхүү бид хэлэлцээд аваргуудын лигийн оронд Европын супер лигт оролцож, цар тахлын улмаас алдсан орлогоо нөхөх боломжтой гэх дүгнэлтэд хүрсэн. Илүү өрсөлдөөнтэй тоглолтууд зохион байгуулж л ашиг олох ёстой шүү дээ. Телевизийн шууд дамжуулалтын гэрээний мөнгөнөөс өөр орлогогүй болсон бид үзэгчдийг татахын тулд том багуудыг хооронд нь тоглуулж ашиг олохыг хүссэн.  
 
-Европын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллаж болохгүй байсан юм уу?
 
-Хөлбөмбөг сонирхолгүй болж, үзэгчдийн тоо цөөрч, телевизийн шууд дамжуулалтын эрх ч үнэ цэнээ алдсан. Энэ үйл явцыг цар тахал улам хурдасгаж байна. Өөрчлөлт хийхгүй бол бид сүйрнэ. Залуучуудын 40 хувь нь хөлбөмбөгийн чанаргүй, уйтгартай тоглолтоос болж энэ спортыг сонирхохоо болилоо. Үүнийг  статистик, судалгаанаас харж болно. Өнөө үед хүүхдүүд хөлбөмбөг гэхээсээ илүү видео тоглоомд донтлоо.
 
-Европын супер лигт оролцсон тамирчдыг “ДАШТ-2022”-т оролцуулахгүй гэлээ. Энд тамирчдын эрх зөрчигдөж байгаа юм биш үү?
 
-Тийм зүйл болохгүй. Европын Супер лигт оролцсон тоглогч бүр эх орныхоо төлөө шигшээ багтаа тоглож, дэлхийн аварга, Европын аварга гээд олон улсын тэмцээнд оролцож болно. “Реал Мадрид” аваргуудын лигээс хөөгдөхгүй. Би үүнийг 100 хувь баталгаатай хэлж чадна. Биднийг хэн ч аваргуудын лигээс гаргаж чадахгүй.
 
-УЕФА-ийн ерөнхийлөгч багуудын эздийг ихээхэн шүүмжилсэн. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
 
-УЕФА өөрчлөгдөх ёстой. Европын томоохон багийн эзнийг УЕФА-ийн ерөнхийлөгч элдвээр хэлж, доромжилж байгаа нь ёс бус үйлдэл. Хөлбөмбөгт ийм хүмүүс хэрэггүй.
 
-Супер лиг яг хэзээ эхлэх юм бэ?
 
-Аль болох хурдан эхлүүлэхийг л хичээж байна. Юуны өмнө УЕФА болон ФИФА-тай хэлэлцээ хийх хэрэгтэй.
 
-УЕФА болон ФИФА-тай зөвшилцөлд хүрч чадахгүй бол яах вэ?
 
-Бид зөвшилцөхийн тулд боломжтой бүхнийг хийнэ, бууж өгөхгүй ээ. Урт хугацаа шаардах байсан ч ажлаа үргэлжлүүлэх болно. Харин санасандаа хүрвэл хөгжөөн дэмжигчид долоо хоног бүрийн хоёр өдөр дэлхийн хамгийн шилдэг багуудын тоглолтыг үзэх боломжтой болно. Гол нь дотоодын лигүүдэд хохирол, дарамт учруулахгүй байхыг хичээнэ.
 
Б.Мөнхзул
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин