sonin.mn
Дэлхийн байт харвааны холбоо /World Archery Federation/-ноос “Токио-2020” олимпын наадмыг шүүх шилдэг 14 шүүгчийн нэрсийг албан ёсоор зарлалаа.
Уг нэрсийн жагсаалтад Монголын шүүгч Энхбат овогтой Саруул багтаж, энэ спортын түүхэн дэх улсынхаа анхны олимпын шүүгч болж байна.
“Токио-2020” олимпын байт харвааны тэмцээн 7 дугаар сарын 23-31-нд Токиогийн Юүменошима Паркт болох бөгөөд одоогоор манай тамирчдаас Б.Отгонболд олимпод өрсөлдөх эрхээ хүртээд байгаа юм. Байт харваа нь “Сент-Луис-1900” наадмаас эхлэн нийт 17 удаа олимпын хөтөлбөрт багтсан бөгөөд манай харваачид 8 удаа олимпод оролцсон байна.
 
 
Энэ жил 35 настай Э.Саруул нь эрх зүйч, франц хэлний орчуулагч мэргэжилтэй, 2007 оноос байт харвааны спортоор хичээллэж, 2009 оноос шүүгчээр ажиллаж эхэлсэн. Түүний аав Р.Энхбат тэшүүрчин, ээж Б.Цэцгээ байт харвааны тамирчин байсан аж.
 
 
 
 
Спортын гэр бүлд өссөн Э.Саруул 2013, 2019 оны Ази тивийн АШТ, 2015, 2021 оны залуучуудын ДАШТ,  2016 оны Дэлхийн цом, 2016 оны Оюутны ДАШТ, 2019 оны Универсиад, 2018 оны Залуучуудын III Олимпын наадамд тус тус шүүгчээр ажиллажээ.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин